Монголын буудлага спортын холбооны цомын аварга шалгаруулах нэгдүгээр шатны тэмцээн Үндэсний шигшээ багийн бэлтгэл сургалтын төвд гуравдугаар сарын 15-19-нд болж байна. Тэмцээнд 16 багийн 140 (гар бууны дасгалд 75, урт бууны төрөлд 65) тамирчин өрсөлдөж байгаа.
Энэ тэмцээний эмэгтэйчүүдийн 25 метрийн спорт гар бууны төрөлд Т.Баярцэцэг (580 оноо) түрүүлж, Ц.Анударь,Э.Хишигдэлгэр нар удаалсан бол олимпын наадмын мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа дөрөвдүгээр байрт шалгарав.
Түүнчлэн эмэгтэйчүүдийн 10 метрийн урт бууны дасгалд Т.Номин (260.9 оноо) түрүүлж, Г.Нандинзаяа, О.Есүгэн нар удаах байр орлоо. Г.Нандинзаяа, О.Есүгэн нар олимпын наадамд цэц сорьсон тамирчид юм.
Харин эрэгтэйчүүдийн хийн урт бууны 10 метрийн дасгалд Н.Баяраа (266.4 оно) түрүүлж, О.Тэмүгэ, Ц.Мөнх-Эрдэнэ нар удаалсан байна.
Нэмж хэлэхэд гуравдугаар байрт орсон Ц.Мөнх-Эрдэнэ тэмцээнд оролцогчдын хамгийн ахмад нь юм. Тус тэмцээний үр дүн нь Хүүхдийн зуны спортын VII наадам, Оюутны универсиад, Залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сонгон шалгаруулалтад тооцогдох тул нэн чухал тэмцээн юм.
А.Болдбаатар