Өмнөговь аймгийн Ханбогд суманд Оюутолгой төслийн гүний уурхайн нээлт өнөөдөр 13:00 цагт болно. Оюутолгойн ил болон гүний уурхай 2028-2036 оны хооронд жилд дунджаар 500,000 тонн зэс үйлдвэрлэх бөгөөд цаашдын таван жилд дунджаар 350,000 орчим тонн зэс олборлох тооцоо гаргажээ. Мөн Оюу толгой 2021 онд 163,000 тонн зэс үйлдвэрлэсэн аж.
Оюутолгойн нийт баялгийн 80 гаруй хувь нь газрын гүнд оршдог. Гүний уурхайн цогцолбор байгуулж, хүдрийг блокчлон олборлох аргаар олборлож газрын гадарга руу тээвэрлэх юм.
2030 он гэхэд Оюутолгой дэлхийд дөрөвт орох зэсийн уурхай болно гэсэн урьдчилсан тооцоог гаргаад буй. Тус компани үндэсний худалдан авалтад 4.1 тэрбум ам.доллар зарцуулсан бөгөөд Монгол Улсад нийт 13.4 тэрбум ам.доллар зарцуулаад байгаа юм.
Нээлтэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Рио Тинто компанийн удирдлагууд оролцоно.