ХӨСҮТ-өөс томуу, томуу төст өвчний тархалт, ачаалал, вакцинжуулалт, тууралтат халдвар, салхин цэцгийн эмнэлзүйн талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга н.Нямсүрэн мэдээлэл өглөө.
Тэрбээр "Дэлхий нийтэд ковидын тархалт тууштай буурсаар байна. БНХАУ, АНУ, ОХУ зэрэг манай улсын иргэд ихээхэн зорчдог 12 улсад ковидын өвчлөл харьцангуй өндөр байгаа боловч сүүлийн долоо хоногт тууштай буурсан байна.
Манай улсын хувьд 2023 оны нэгдүгээр сарын 20-ноос хойш тогтвортой буурч байгаа. Долоо хоногт таваас баг тохиолдол бүртгэгдэж байна. Мөн өнгөрсөн долоо хоногт улсын хэмжээнд 962 PCR шинжилгээ хийгдсэнээс эерэг тохиодол хоёр илэрсэн. Харин 1075 түргэвчилсэн шинжилгээ хийгдсэнээс нэг тохиолдол илэрсэн.
ДЭМБ-аас улс орнуудад цаашид халдварт өвчний тандалт, эмнэлгийн тусламж үйлчилгээний тогтвортой байдлыг ханган, дараагийн цар тахалд бэлтгэлтэй байхыг зөвлөж байна. БНХАУ-тай хиллэдэг, хилийн боомтуудын үйл ажиллагаа сэргэсэн. Иймд хилийн боомтууд тандалтын цэгүүд болсон. Хилээр орж ирж буй хүмүүсийг, хил дээр ажиллаж амьдардаг иргэд, ажилчдыг тандалтын шинжилгээнд түүврийн аргаар хамруулна. БНХАУ руу нэвтрэхэд иргэдээс шинжилгээний бичиг шаардаж байгаа бол ОХУ, БНТУ шаардахгүй байна.
Улсын хэмжээнд долоон хоногт ковидын 2-3 тохиолдол бүртгэж байна. Иймд цаашид улсаас PCR шинжилгээг хийхгүй" гэв.
Д.Батчулуун