“Дэнж нь хотойхгүй бол Г.Дэмүүл хүү түрүүлнэ” хэмээн аархаж явсан өмнийн говийн их хүчтэн, улсын арслан Гомбо-Аюушийн Дэмүүлийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд энэ сарын 12-нд болох нь ээ. Туулай жил гарснаас хойшхи хоёр дахь улс, аймгийн цолтны барилдаан энэ юм.
Г.Дэмүүл арслангийн тухайд Өмнөговь аймгийн Манлай суманд 1935 онд мэндэлсэн ба 1961 оны Монголын бүх ард түмний анхдугаар спартакиадын тойргийн барилдаанд 24 давж, улсын заан цол хүртэж, 1969 оны Улсын баяр наадамд найм давж арслан цол хүртсэн нэгэн.
Тус наадмын шөвгийн дөрвөн бөхөөс дархан аварга Ж.Мөнхбат, Х.Баянмөнх нар удаан барилдсан тул тэднийг хасч, дархан аварга Д.Дамдинг даваад байсан Г.Дэмүүлийг түрүүлсэнд тооцжээ.
Тэрээр улсын арслан цолтой Өмнөговь нутгийн цор ганц бөх бөгөөд түүнээс хойш улсын баяр наадмын түрүү энэ аймгаас гараагүй байна.
Г.Дэмүүл арслан их том биетэй. Баруун хөлөөрөө тосгуулж хавирах, шуудагтай, шуудаггүй баруун давуулж гуядах дархан мэхүүдтэй байжээ. Г.Дэмүүл ид залуу насандаа 380 кг чулуу өргөсөнөөс үзэхэд хэрхэн тэнхээтэй бөх байсныг тольдож болох.
А.Сүх