Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны классик пауэрлифтингийн улсын аварга шалгаруулах найм дахь удаагийн тэмцээн Спортын төв ордонд хоёр дахь өдрөө болж байна.
Тэмцээнд 18 аймаг, есөн дүүргийн 300 гаруй тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд өнөөдөр эрэгтэйчүүдийн 83 кг-ын жингийн суултын төрөлд “SBD” клубын тамирчин Б.Дүвжид 286 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоов.
Б.Дүвжид энэ өдөр дээд амжилтыг хоёронтоо шинэчилсэн ба 283 кг-ыг өргөсөн нь хоёр дахь оролт нь байв. Тэрбээр тус жингийн суултын дээд амжилтыг сүүлийн хоёр жил эзэмшиж буй бөгөөд хамгийн сүүлд Монголын бүх ард түмний спортын их наадамд 282 кг-ыг өргөсөн юм. Түүний хувьд сүүлтаас гадна таталтын төрөлд Монгол Улсын дээд амжилтыг эзэмшиж байгаа билээ.