Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын харьяат, Улсын начин Цэндээгийн Анхбаярын нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаанд Увс аймгийн Тэс сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Дарьганга гоёл” ХХК, “Увснуур” дэвжээний бөх, аймгийн арслан Баттулгын Өсөхбаяр түрүүлж, Ховд аймгийн Чандмань сумын харьяат, “Ховд” дэвжээний бөх, аймгийн начин Уламбаярын Батцоож үзүүрлэв.
Их шөвгийн дөрөвт Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Баатар Дулаан Хан” ХХК, “Таван-Хан” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Д.Төрболд, Завхан аймгийн Идэр сумын харьяат, “Тэргэн нүүр” ХХК, “Даян” дэвжээний бөх, аймгийн арслан А.Нармандах нар шалгарлаа.
Дунд шөвгийн наймд аймгийн хурц арслан С.Сүхбат, аймгийн арслан М.Бямбадорж, Н.Намнансүрэн, Э.Мөнх-Эрдэнэ нар үлдэв.
Өнөөдөр 14:00 цагаас Төв аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойд зориулсан “Дүнжингаравын аваргуудаа алдаршуулах” улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаантай.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО