Үндэсний Дээд лигийн хасагдах шатны тоглолтууд өнөөдөр эхэлж байгаа бөгөөд өнөөдрийн тоглолтод Хасын хүлэгүүдийн эсрэг IHC Apes баг тоглоно.
МСБХ-ны Үндэсний Дээд лигийн 2022/23 оны улиралд IHC Apes баг 11-7 амжилттай хүснэгтийн дөрөвдүгээр байрт бичигдсэн бол Хасын Хүлэгүүд баг 10-8 амжилт үзүүлж тавдугаар байраар улирлаа дуусгасан юм. Хоёр багийн хувьд плэйоффын завсарлагаанаар бүрэлдэхүүндээ тус бүр нэг нэг легионер тоглогч нэмсэн байна. IHC Apes баг өнгөрсөн улиралд дээд лигт тоглосон Тодд О'бринийг дахин авчирсан бол Хасын Хүлэгүүд баг 213см өндөр, төвийн байрлалд тоглодог Роналд Дельф гэх тоглогчийг авчирж хүчээ зутаатгажээ. Өнгөрсөн хоёрдугаар сарын 24-26 өдрүүдэд болсон 2025 оны Азийн Аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд шигшээ багаа төлөөлж IHC APES багаас Мягмарсүрэнгийн Өлзий-Орших, Хасын Хүлэгүүд багаас Баттүвшиний Билгүүн, Отгонбаатарын Сэргэлэн, Ариунболдын Ананд нар оролцсон юм. Тус тоглогчид шигшээ багийнхаа хамтаар байрлаж бэлтгэл хийсэн байгаа бөгөөд плэйоффын ширүүн тоглолтуудад бэлэн, бэлтгэл сайн байгаа гэсэн үг.
Хоёр баг энэ улиралд хоёр удаа учраа таарч тоглосон бөгөөд хоорондын харьцаа 1-1. Эхний тоглолтод IHC Apes баг 104-92 харьцаатай хожиж, Даррелл Саммерс болон Өлзий-Орших нар нийлээд 42 оноо авч байжээ. Харин хоёр дахь учраа тоглолтод Хасын Хүлэгүүд баг бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглож хожил авсан байна. Тус хоёр багийн нүүр тулсан тоглолт бүр үзэгч хөгжөөн дэмжигчдийн анхаарлыг татдаг. Өнгөрсөн улирлын плэйоффт IHC Apes болон Хасын Хүлэгүүд багуудын цуврал тун сонирхолтой болж байсан билээ. Энэ удаа IHC Apes баг хариугаа авч чадах болов уу? Тун сонирхолтой цуврал биднийг хүлээж байна.
Статистик: IHC Apes баг энэ улиралд дундаж оноогоороо бүх багийг тэргүүлсэн бол Хасын Хүлэгүүд баг нэг тоглолтод амжилттай гүйцэтгэсэн дундаж холын зайн шидэлтээрээ лигийг тэргүүлж тус бүр онцгой статистикийг үзүүлжээ.
Онцлох тоглогчид:
IHC Apes - М.Өлзий-Орших
Хасын Хүлэгүүд - Б.Билгүүн
Өлзий-Орших энэ улиралд 11.8 оноо, 4.4 самбар, 4.7 оновчтой дамжуулалт дунджилсан бол Билгүүн 19.1 оноо, 5.1 самбар, 3.1 оновчтой дамжуулалт, 51 хувийн довтолгоо дунджилжээ. Билгүүний хувьд өнгөрсөн улирлын финалын MVP юм.
Сэтгэгдэл (1)