Манай сайтын цоо шинэ булан болох “Долоо хоногийн онцлох хүн” буланд уншигч та бүхэн тавтай морилно уу. Бид энэхүү буландаа тухайн долоо хоногт олны анхаарлыг татсан нэгнийг онцлох юм.
Энэ долоо хоногийн онцлох хүнээр Монголын сагсанбөмбөгийн шигшээ багийг нэрлэж байна.
Сагсанбөмбөгийн 2025 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд Зүүн Азиас өрсөлдөх багуудыг тодруулах сонгон шалгаруулалтын тэмцээн Улаанбаатар хотод болж өндөрлөлөө. Уг тэмцээнд зургаан улсын баг оролцсоноос Монгол, Гуам, Тайланд, Хонконгийн шигшээ багууд дараагийн шатанд шалгарсан юм. Харин Малайз, Сингапурын шигшээ багууд гэртээ харилаа.
Монголын шигшээ баг Сингапурыг хожсоноор урьдчилсан шатанд тоглох эрхээ баталгаажуулж чадсан. Тухайлбал, Сингапурыг 73-49 харьцаагаар илүүрхсэн бөгөөд Д.Дэлгэрням 16, Г.Баттөр 13, О.Энхбаатар 12 оноо авч багаа тэргүүлсэн.
Мөн шигшээ баг Хонконгийг 76-69 харьцаагаар хожиж, Гуамын шигшээ багт 82:81 харьцаагаар хожигдсон. Гэсэн ч Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ баталгаажуулсан нь Монголын сагсанбөмбөгийн түүхэнд байгаагүй дээд амжилт болж буй.
Гуамын шигшээ багт ердөө ганцхан онооны зөрүүтэй хожигдсон ч уг тоглолт тамирчид, сагсанбөмбөг сонирхогчдын бахархал, харууслыг төрүүлсэн тоглолт байв. Тухайлбал, тоглолтын эхлэлийг Т.Санчир сайн тавьж, довтолгоонуудаа ар, араас нь амжилттай болгосоор эсрэг багаа хүнд байдалд оруулж чадсан билээ. Ийнхүү тоглолт эхлээд ердөө 2 минут 9 секунд өнгөрч байхад Гуамын шигшээ багийн дасгалжуулагч Edward Calvo өөрийн мэдлийн эхний завсарлагыг арга буюу захиалсан юм. Тоглолтын нэгдүгээр үед Т.Санчирын шидэлтүүд амжилттай болж манай улсын шигшээ баг тэргүүлж эхэлсэн. Харин хоёр багийн оноо тэнцэх үед О.Энхбаатар, А.Ананд нар багийнхаа оноог ахиулахад чухал үүрэг гүйцэтгэв.
Ийнхүү манай улсын шигшээ баг тоглолтын нийт хугацааны ¾-т нь онооны илүүтэй явсан ч тоглолтын төгсгөлд хожигдол амслаа.
Ердөө ганцхан онооны зөрүү хожигдлоо. О.Энхбаатар 14 оноо авч, А.Ананд, Т.Санчир нарын хамт багаа тэргүүлсэн ч түүний тоглолтын төгсгөлд гаргасан шийдэр тоглолтыг бүхэлд нь эргүүлж, зааланд буй хүн бүрийн зүрхэнд харуусал төрүүлсэн гэхэд хилсдэхгүй л болов уу.
Ийнхүү манай улсын сагсанбөмбөгийн шигшээ баг Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох болсон нь тамирчид, дасгалжуулагч төдийгүй сагсанбөмбөг сонирхогчдод итгэлийн галыг асаав.
Дараагийн шатанд өрсөлдөх шилдэг 24 баг шалгарлаа.
Сэтгэгдэл (1)