Монголын ард түмэн уламжлалт "Сар шинийн баяр"-ыг энэ жил өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ. Цаг дулаарч, амьтан хүний магнай тэнийлгэж хавар айлчлав. Энэхүү баяраар бид олон өдөр амарч, баяр тэмдэглээд зарим чухал мэдээ, мэдээллээс хоцорсон байж мэднэ. Тэгвэл бид та бүхэнд битүүний өдрөөс хойш өрнөсөн онцлох таван мэдээг тоймлон хүргэж байна.
Нэг. Сар шинийн баярт зориулсан барилдаанд Улсын заан Б.Бат-Өлзий хоёр дахиа түрүүлэв
Уламжлалт "Сар шинийн баяр"-т зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан хоёр өдөр үргэлжилж Улсын заан Б.Бат-Өлзий хоёр дахь удаагаа түрүүлэв. Үзүүр бөхөөр Улсын Даян аварга Н.Батсуурь шалгарсан бол их шөвөгт Улсын аварга О.Хангай, Улсын заан М.Лхагвагэрэл нар шалгарсан юм. Улсын заан Б.Бат-Өлзий 2018 оны шороон бар жилийн барилдаанд анх түрүүлж байлаа. Тухайн үед Улсын аварга П.Бүрэнтөгс үзүүр булаажээ.
Уг барилдаанаас хоёр амыг онцолж байна. Эхнийх нь барилдааны тавын даваанд Улсын залуу арслан Б.Орхонбаяр Улсын үнэн зоригт харцага Б.Зоригтбаатарыг амалсан барилдаан байв. Хоёр бөхийн барилдаан үзэгч олныг шуугиулж, Улсын харцага Б.Зоригтбаатар давсан билээ. Хоёр дахь нь барилдааны долоогийн даваанд Улсын Даян аварга Н.Батсуурь Улсын аварга О.Хангайг амалсан явдал байлаа. Туршлагатай Даян аварга шинэхэн аварга хангайг гар дарж, хонгодо мэхээр унагаж үзүүр түрүүнд шалгарсан юм.
Хоёр. Монголчууд "Сар шинийн баяр"-ыг өргөн дэлгэр тэмдэглэв
2020-2022 онуудад дэлхий нийтийг хамарсан аюулт цар тахлы улмаас Азийн улсууд уламжлалт баяраа цомхон хүрээнд тэмдэглэн өнгүүрүүлсэн. Тэдгээрийн нэг нь манай улс билээ. Тэгвэл энэ жилийн баярыг Монголын ард түмэн өмнө жилүүдийнхээс ч илүү өргөн дэлгэр тэмдэглэв.
Хөдөө орон нутгийн замд түгжрэл үүсэж, айл болгонд зочид, гийчдийн хөл тасрахгүй байсан гэдгийг бид харлаа. Баярын дараах шинэ долоо хоног эхэлж, ажимл, хичээлийн хуучин хэмнэлдээ орж байгаа энэ цаг үед золголт хийгээд бэлгийн хур тасрахгүй байгаа гэдэгт итгэлтэй байна.
Гурав. Ерөнхийлөгч баярын мэндчилгээндээ юу өгүүлэв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Улиран одож байгаа “Буян үйлдэгч” хэмээх усан бар жилд төрийн тулгуур, улсын үндэс болсон айл өрхүүд маань 68 мянган үр хүүхдээр ам бүлээ нэмж, монголчууд бид 3 сая 460 мянгуулаа боллоо.
Малчин түмний маань хичээл зүтгэл, хангай дэлхийн ивээл хишгээр буянт мал сүргийн тоо таван төрлөөрөө өсөж, нийт малын тоо 71 саяыг давж, түүхэн үзүүлэлт тогтоолоо.
Монголчууд бид цар тахлын хүнд үеийг даван туулж, хил боомт нээгдэж, худалдаа, хөрөнгө оруулалт сэргэж, гадаад валютын нөөц 3.6 тэрбум ам.доллар болон нэмэгдэж, унаж байсан эдийн засаг 4.5 хувиар өсөж, цар тахлын өмнөх түвшиндээ хүрсэн сайхан мэдээг сар шинийн баярын энэ өдөр ард түмэндээ дуулгахад таатай байна.
Түүнчлэн хөгжил дэвшлийн төмөр судас болсон стратегийн өндөр ач холбогдол бүхий “Тавантолгой-Гашуунсухайт”, “Тавантолгой-Зүүнбаян”, “Зүүнбаян-Ханги” болон Газрын тос боловсруулах үйлдвэрийн нийт 900 гаруй км урт төмөр замыг манай Зэвсэгт хүчин, үндэсний 500 гаруй аж ахуйн нэгж, баялаг бүтээгчид, 10,000 гаруй инженер, техникийн ажилчин, төмөр замчид, монгол залуусын маань ур ухаан, хүч хөдөлмөрөөр бүтсэн түүхэн бүтээн байгуулалтыг хийж чадлаа.
Эдгээр стратегийн төмөр замууд нь Монгол Улсад өндөр үр ашиг өгч, өргөн боломжийг нээж, ард иргэдийн аж амьдрал, улс орны хөгжил дэвшилд онцгой чухал хувь нэмэр оруулах болно.
Үүний зэрэгцээ манай улсын гадаад харилцаа, хамтын ажиллагаа өргөжин тэлж, Монгол Улсын нэр хүнд олон улсын тавцанд өсөн бэхжиж, байр сууриа улам бататгасан түүхэн онцлогтой жил байлаа.
Өндөр, дээд түвшний харилцан айлчлалууд амжилттай хийгдсэний дотор НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш манай улсад хүрэлцэн ирсэн бөгөөд “Дэлхий ертөнцийн энэхүү амаргүй цаг үед Монгол Улс бол энх тайвны бэлгэ тэмдэг болсон улс” хэмээн хэлсэн нь манай улсын нэр хүндийг дэлхий дахинаа өндрөөр үнэлсэн үйл явдал боллоо.
“Буян үйлдэгч” хэмээх бар жилдээ монголчууд бид тив дэлхийд амар амгалан, энх тайвныг цогцлоосон Их Монгол Улсыг үндэслэгч, мянганы суут хүмүүн Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэж, хүн төрөлхтний түүхэнд анх удаа Их хаанаараа овоглосон “Чингис хаан” музейн өндөр үүдийг өргөн, алтан босгыг мялааж, даян дэлхийн түмэн олны хүртээл болгож чадлаа" хэмээв.
Дөрөв. Монголын сагсанбөмбөгийн шигшээ баг ААШТ-ий урьдчилсан шатанд тоглох эрхээ авав
Энэ сарын 24-26-ний өдрүүдэд "UG Arena" цэнгэлдэхэд зохион байгуулагдсан 2025 оны Азийн аварга шалгаруулах сагсанбөмбөгийн тэмцээний урьдчилсан шатанд тоглох багуудыг шалгаруулах тэмцээнд манай улсын шигшээ баг хоёр хожил авч, урьдчилсан шатанд тоглох эрхийг өвөртөллөө.
Тэд эхний өдөр Хонконгийн шигшээ багийг 76-69 харьцаатайгаар, хоёр дахь өдөр Сингапурын шигшээ багийг 73-49 харьцаатайгаар буулган авч, дараагийн шатанд оролцох эрхээ баталгаажуулсан. Харин өчигдөр болсон тоглолтод Гуам улсын шигшээ багт 82-81 харьцаатай хожигдсон юм.
Тав. Баярын өдрүүдэд Онцгой байдлын албан хаагчид ачаалалтай ажиллав
Баярын өдрүүдэд 33 удаагийн дуудлага бүртгэгдэж, 50 иргэнийг авран хамгаалав
Сар шинийн баярын өдрүүдэд буюу энэ сарын 21-23-ны өдрүүдэд улсын хэмжээнд гамшиг, осол, гал түймрийн нийт 33 удаагийн дуудлага бүртгэгдлээ. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, автомашины бүхээгт хавчуулагдсан нэг иргэн, утаажилтын бүсээс 49 буюу нийт 50 иргэнийг авран хамгааллаа. Харин зам тээврийн ослын улмаас 3 иргэн амь насаа алдаж, ахуйн гал түймрийн улмаас нэг хүн гэмтэж бэртсэн байна.
Утаажилтын бүсээс 44 иргэнийг гаргаж, 1.7 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалав
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 27, аврах ажиллагааны 4 буюу нийт 31 дуудлага бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу алба хаагчид шуурхай үүрэг гүйцэтгэн, гал түймрийн утаажилтын бүсээс 44 иргэнийг гаргаж, 1.7 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа. Нийт дуудлагыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 15%-аар буурсан үзүүлэлттэй байна.
Л.Сайнаа