Хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд цагаан сарын баярыг тэмдэглэхдээ ёслол хүндэтгэлийн идээ, ундаа бэлтгэн, золгож шинэлдэг. Цагаан сарын битүүлгийг шинийн нэгний урьд орой ёсолдог бөгөөд цагаалгын ёслолыг өглөө ургах нарнаар туулай цагт эхлэн үйлддэг. Бид та бүхэнд XVII жарны "Үзэсгэлэн болгогч" хэмээх харагчин туулай жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгнийг тохиолдуулан шинэлэх ба золгох, хүндлэх ёсны тухай танилцуулж байна.
Золгохдоо хадгаа тавьсны дараа мэнд мэдэлцэнэ
Өндөр настай, нутаг орондоо хүндтэй хүмүүстэй хадаг барьж золгодог ёс байдаг. Хадагны амыг золгох хүн тийш харуулж хоёр гардан барьсаар золгож байгаа хүний хоёр гар дээр хадгаа эрхий хуруунд нь тулгаж алганд нь багтааж тавьсны дараа золгоно. Авч байгаа хүн хадгийг хоёр гардан аваад толгойн талыг нь баруун гар дээрээ тавьж, баруун гар талыг зүүн гар дээр эвхэн нугалдаг нь хадагны хээ, үсгийн толгойг буруу харуулахгүйг хичээж байгаа ёс юм. Хадаг тавьж байхдаа мэнд мэдэж болохгүй. Харин хадгаа тавьчихаад золгохдоо мэндийг нь асууна.
Ямар ч насны хүнтэй хадагтай золгож болно
Хадаг барьж золгох ёсонд дүү хүн нь ахмаддаа хадгаа бүрмөсөн өгч золгодог бол хадагтай золгох ёслолд хадгаа хүнд өгдөггүй, ямагт өөртөө авч байдаг. Ямар ч насны хүнтэй хадагтай золгож болно. Хадагтай золгоно гэдэг нь хадагныхаа нэг үзүүрээс баруун гарынхаа ядам хурууг дотор талаас нь нар зөв хоёр ороогоод чигчий хуруутай тал руу доош унжуулсан чигээрээ золгоно. Таныг золгох гээд дөхөж очиход цаад хүн хадаг авч хуруугаа ороогоод эхэлбэл та энэ хүн намайг ихэд хүндэтгэж байгаа юм байна гэж бодоорой.
Аюуш хадгийг эцэг эх, ахмад настантай золгоход барина
Хадаг нь хээ угалз, үсэг чигээрээ маш олон янз бөгөөд урт богиноороо ч харилцан адилгүй байдаг. Хээ чимгийн байдлаар хүний дүрстэй Аюуш хадгийг эцэг эх, ахмад настан, эрхэм хүнд голчлон барих бөгөөд нар, сар үсэг бүхий Нанжвандан хадгийг ихэвчлэн оршуулгын ёслолд хэрэглэнэ. Хадгийг барих хүн рүүгээ амыг нь харуулж хүндийн эрэмбээр мэхийх юмуу сөгдөж барина. Авах хүн нь хариу мэхэсхийн хадгийг хоёр гардан аваад нямбай эвхэж хямагдах ёстой.
Хөөрөг харшуулж, толгойг нь дарахыг цээрлэнэ
Ахмад хүн буюу зочин хүн тухлан суусны дараа дүүмэд хүн хөөрөгнийхөө бөглөөг султгаж, баруун гарынхаа тохойг зүүн гараараа дэмжиж биеэ мэхийсхийн барина. Ахмад буюу зочин ч мөн адил өөрийн хөөрөгний бөглөөг султган баруун гараараа өгөхөд дүүмэд нь хоёр гараараа тосон аваад хамартаа хүргэн үнэрлээд буцааж бариад өөрийнхөө хөөргөө буцаан авдаг. Үе насны хоёр хүн тамхилан мэндчилэхдээ тус тусын хөөргөө алгандаа барьж бөөр бөөрөөр нь харилцан зөрүүлж солилцдог. Хөөрөг харшуулж солилцохыг цээрлэхийн хамт толгойг нь дарж болдоггүй. Хөөргөө төр түших гурван хуруу буюу эрхий, долоовор, дунд хуруугаар түшиж тамхилдаг. Энэ нь тухайн хүнийг төрийн хэмжээнд хүндэлж байгаагийн тэмдэг юм.