Манай сайтын цоо шинэ булан болох “Долоо хоногийн онцлох хүн” буланд уншигч та бүхэн тавтай морилно уу. Бид энэхүү буландаа тухайн долоо хоногт олны анхаарлыг татсан нэгнийг онцлох юм.
Энэ долоо хоногийн онцлох хүнээр жүдоч О.Цэцэнцэнгэлийг нэрлэж байна.
Тэрбээр Изриалийн Тель-Авивт болсон "Их дуулга" тэмцээнээс өчигдөр алтан медаль хүртэж, Монгол Улсын төрийн дууллыг эгшиглүүллээ. Энэ нь түүний Их дуулгаас хүртэж буй гурав дахь түрүү юм. Тухайлбал, 2021 онд АНЭУ-ын нийслэл Абу Даби хотод болсон жүдо бөхийн их дуулга тэмцээний +100 кг-ын жинд О.Цэцэнцэнгэл Румины бөх Владут Симионескутыг дадал болсон зүүн мордох мэхээрээ цэвэр ялж, алтан медаль хүртсэн билээ. Хүнд жинд хурц, дайчин барилдаан гаргаж болдгийг жишээг тэрбээр үлгэрлэн харуулсан юм. Үүний дараа 2022 онд Парисын Их дуулгын тэмцээнээс мөн л алтан медаль хүртэж байв.
24 настай О.Цэцэнцэнгэл бөхийн дэвжээнд хөл тавиад 12 жил болж байна. Тэр 1999 оны дүн өвөл Эх нялхаст Б.Одхүүгийн ууган хүү болон мэндэлжээ. Дөлгөөн харцтай, хийгүй барилдаантай энэ залуу 2017 оны Хэнтий аймгийн баяр наадамд анхлан барилдахдаа аз од нь гийж, аймгийн арслан болсноор үндэсний бөхийн хүрээнийхэнд танигдсан. Харин түүнд жүдо бөхийн эрдэм заасан багш нь “Жүдо академи”-ийн Д.Батсайхан.
О.Цэцэнцэнгэлийн энэ төрлөөр залуучуудын Азийн АШТ-ий хүрэл, Хонгконгийн нээлттэй тэмцээний хүрэл, Залуучуудын Ази, Номхон далай орнуудын АШТ-ий алт, Европын Оберварт тэмцээний хүрэл, Варшавын нээлттэй тэмцээний хүрэл, УАШТ-ий хоёр алтан медальтай.
Муугүй амжилт байгаа биз. Эцэстээ Чимэдёндонгийн Болдбаатар гэж хэрсүү дасгалжуулагчид шавь орсон гэх. Багш, шавь хоёр олимп, дэлхийн дэвжээнд нэг нь барилдаж, нөгөө дасгалжуулаад явах цаг ойрхон.
Их дуулга тэмцээний хүнд жинд монголоос дараалан гурван алтан медаль хүртэнэ гэдэг амаргүй. Иймээс түүний онцолж буй билээ.
Түүний аав Б.Одхүүг бөхийн хүрээнийхэн андахгүй. 2000 оны Баяр наадмаар улсын арслан М.Мөнгөнөөр тав давж, начин цол хүртсэн бөх бий. Өдгөө үндэсний бөхийн ерөнхий цэцээр ажиллаж байгаа. Харин ээж нь манай жүдо бөхийн анхдагч эмэгтэй бөхчүүдийн нэг. Дэлхийн хэмжээний шүүгчийн зэрэглэлтэй хүн бий.
О.Цэцэнцэнгэлийн үндэсний бөхөөр Улсын баяр наадамд үзүүлсэн амжилт нь муугүй. Тэр 2019 оны наадмаар улсын арслан Х.Мөнхбаатараар гурав давж, дөрвийн даваанд түрүү бөх даян аварга Н.Батсуурьт тахим буулгаж байв. Дараа жил нь гарьд М.Баяржавхлангаар гурав давж, мөн л түрүү бөх П.Бүрэнтөгс аваргатай оноолт таарч унасан. Хоёр жил дараалан түрүү бөхтэй таарсан нь харамсалтай. Гэхдээ түүнд өндөр амжилт гаргах нас, ирээдүй байна. Жүдо бөхөөрөө олимп, дэлхийн медальтан болохыг хүсэн ерөөе.
Сэтгэгдэл (11)