Цагаан сарын барилдаан маргааш эхэлнэ. Бөх сонирхогчдын хамгийн сонирхол татсан барилдаан энэ. Бөхчүүдийн хувьд Улсын баяр наадмын өнгийг энэ дэвжээнээс урьтаж шинждэг гэх. Сар шинийн барилдааныг “Бага наадам” хэмээн нэрлэх нь чанар чансааны хувьд нийцнэ. Энэ жилийн Цагаан сарын барилдаанд аварга цолтой зургаан бөх зодоглох сурагтай.
Монгол Улсын 22 дахь аварга Ч.Санжаадамба хүч үзнэ гэсэн мэдээлэл байгаа юм. Түүний хувьд 2020 оны Улсын баяр наадмын тавын даваанд улсын заан Ц.Одбаярт тахим өгснөөс хойш албан ёсны барилдаанд огт зодоглоогүй. Тэр энэ хугацаанд допинг хэрэглэсэн бөхчүүдтэй хүчтэй тэмцэл өрнүүлж, зарим барилдаанд хориг тавьсан удаатай. Ч.Санжаадамба бол Цагаан сарын барилдаанд гурав түрүүлсэн сүүлчийн бөх байна. Цэргийн арслан цолтой энэ барилдаанд анхлан түрүүлсэн хүчтэн. Мөн Сар шинийн барилдаанд хоёр өдөр (аймаг цэрэг, улс, аймгийн цолтны барилдаанд) дараалан түрүүлсэн цор ганц бөх.
Тэгвэл Г.Эрхэмбаяр аварга энэ жилийн Цагаан сарын барилдаанд зодоглохоор нутгийн залуустайгаа хөнгөн хөлс гаргаж байна гэв. Хашир аварга бөхийн өргөөнд барилдах нь ховордсон ч Наадам, Цагаан сарын барилдаанд бол баттай үзэж, зангараг зааж цолоо дуудуулах. Тэр 2013 оны тус барилдаанд түрүүлж, 2016 онд үзүүрлэсэн нь оргил амжилт нь юм. Дээрх хоёр аваргыг түрүү бөхийн тааварт нэрлэх хүн бараг үгүй болж.
Өнгөрсөн наадмаас хойш зодгондоо салхи оруулаагүй аварга С.Мөнхбат Цагаан сарын барилдаанд зодоглох байх. “Бор аварга” маань 2012 оны энэ барилдаанд торолгүй түрүүлж, 2013 онд өм жаахан дутаж, үзүүрлэсэн амжилттай бөх. С.Мөнхбат аваргын хувьд улсын аварга цолтон ямар байдгийг ямартаа ч “Бага наадам”-д баталсан. С.Мөнхбат аваргыг Цагаан сарын барилдаанд түрүүлнэ гэж баттай нэрлэхгүй ч шөвөгт гарцааргүй гарч ирэх бөх.
Харин даян аварга Н.Батсуурь бол энэ барилдаанд түрүүлж үзээгүй аварга цолтой дөрвөн бөхийн нэг. Оргил амжилт нь найман жилийн өмнө их шөвөгт үлдэж билээ. Наадамд одтой ч битүүний барилдаанд азгүй бөх гэвэл түүнийг нэрлэнэ. Даян аварга маань Орхон аймагт бэлтгэлээ сайтар базааж, “Алтан цом”-ын барилдаанд өөгүй сайн барилдсан. Сар шинийн барилдаанд түрүүлэх бөхийн тааварт гарцаагүй багтана. Дархан аварга Б.Бат-Эрдэнэ 2006 оны энэ барилдаанд 42 насандаа түрүүлсэн тул түүнд боломж байна.
Харин 24 дэх аварга П.Бүрэнтөгс 2018 оны Цагаан сарын барилдаанд үзүүрлэсэн. Түүнд энэ барилдааны түрүү л дутуу. “Өндөр аварга”-ын бэлтгэл тааруу байх шиг. “Алтан цом”-ын барилдааны гуравдугаар шатны сүүлчийн барилдаанд Завхан аймгийн таван хүчтэнээс ганц ч даваа салгаагүй нь нэг тийм. Гэхдээ түүнд барилдаан голохгүй, тогтмол зодоглодог давуу тал бий. Түүний бэлтгэл сургуулилт өвөл унах ч зун ахидаг.
Отгон аварга Оргихын Хангай Цагаан сарын барилдаанд барилдахгүй бол өөр хэн барилдах билээ. Аварга наадмын дараа бэлтгэлдээ хожуу орсон ч энэ улиралд нэг түрүү, нэг үзүүр аваад байгаа. Тэр энэ барилдаанд одтой нэгэн. Улсын цолгүй байхдаа хоёр түрүүлсэн.
Сэтгэгдэл (3)