Цагаан сарын барилдаан бол Улсын баяр наадмын дараа орох том барилдаан. Бөхчүүд наадмынхаа өнгийг шинжих гэж чухам энэ барилдаанд илүү ач холбогдол өгдөг. Бөхийн хорхойтнуудын хувьд ч уран хурц, шударга барилдааныг гагцхүү эндээс л үзэж болох тул тасалбар худалдан авах гэж хонон өнжин дугаарлах нь бий.
Тэгвэл энэ жилийн цагаан сарын барилдаанд таван аварга зодоглох бөгөөд барилдаан өнөөдөр 14 цагаас эхлэх юм. Иймд уншигч та бүхэнд Цагаан сарын барилдааны ууган түрүү МӨНХбатаас отгон түрүү МӨНХжаргал хүртэлх амжилтуудыг танилцуулж байна.
Цагаан сарын барилдаан нь 1963 онд анх Нэгдэлчдийн баярын барилдаан хэмээн болж байсан бөгөөд өнөө жил 60 дахь жилтэйгээ золгож байна. Коронавирус цар тахлын улмаас 2020, 2021 онд өнжсөн. 60 жилийн тэртээх Туулай жилийн Цагаан сарын анхдугаар барилдаанд дархан аварга Ж.Мөнхбат улсын заан цолтойдоо түрүүлсэн ба тухай жилийнхээ наадмаар улсын арслан цол хүртэж байв.
Дараа жил нь Мөөеө аварга дахин түрүүлсэн. “Бага наадам”-д сайн барилдсан бөх тэр жилийнхээ наадамд цол ахидаг гэх яриа бөхчүүдийн дунд их дэлгэрсэн. Жишээ дурдвал мундахгүй.
Цагаан сарын барилдаан зохиогдож эхэлснээс хойш аварга цолтой 16 бөх төрөн гарснаас Ч.Бээжин, Н.Батсуурь, П.Бүрэнтөгс, О.Хангай нар түрүүлээгүй байна.
Хамгийн өндөр амжилт үзүүлсэн бөх нь дархан аварга Б.Бат-Эрдэнэ 13 түрүүлсэн ба үүний 11 нь завсаргүй түрүү юм. Энэ барилдааны их шөвөгт хамгийн өндөр цолтой дөрвөн бөх шалгарсан нь 1970 оны Нохой жилийн барилдаан бөгөөд дархан аварга Д.Дамдин түрүүлж, аварга Х.Баянмөнх үзүүрлэж, арслан Ч.Бээжин, дархан аварга Ж.Мөнхбат нар шалгарч байжээ.
Харин хамгийн бага цолтойдоо түрүүлсэн бөх бол өнгөрсөн жилийн түрүү бөх Э.Мөнхжаргал аймгийн заан цолтой түрүүлсэн цор ганц бөх юм. Аймгийн цолтой бөх түрүү авсан нь Ч.Санжаадамба (2010 онд цэргийн арслан), Ш.Мөнгөнбаатар (аймгийн хурц арслан), Э.Мөнхжаргал (аймгийн заан) нар байдаг бол аймгийн цол бөх үзүүрлэсэн нь Б.Ганбат (1998 онд аймгийн арслан), Ц.Магалжав (2000 онд аймгийн арслан), О.Хангай (2014, 2017 онд аймгийн арслан) нар байна.
Цагаан сарын барилдаан 58 удаа зохион байгуулагдахад 10 аймгийн бөхчүүд түрүү авч байсан байна. Хэнтий аймаг 13 түрүүтэйгээр тэргүүлдэг бол Төв 12, Увс 11, Архангай 9, Өвөрхангай 5, Хөвсгөл 2, Сүхбаатар 2, Булган 2, Ховд 1, Сэлэнгэ 1 түрүүтэй юм.
Цагаан сарын барилдаанд Туулай жил таван удаа тохиож байсан бөгөөд 1963 онд дархан аварга Ж.Мөнхбат, 1975 онд дархан аварга Х.Баянмөнх, 1987 онд аварга О.Балжинням, 1999 онд дархан аварга А.Сүхбат, 2011 онд улсын харцага Ш.Мөнгөнбаатар нар түрүүлж байжээ.
А.Болдбаатар
Сэтгэгдэл (3)