Дэлхий дахинд жилд дунджаар 2.01 тэрбум тонн хог хаягдал гардаг бол Монгол улсад 3.4 сая тонн хог хаягдал гарч түүний 18%-ийг цаасан хог хаягдал эзэлдэг байна. Дэлхий нийтээрээ хог хаягдлыг бууруулах, түүнийг дахин боловсруулах үйлсэд дэлхийн улс гүрнүүд бодлогын хэмжээнд анхаарал хандуулж, дахин боловсруулах үйлдвэрт онцгой анхаарал хандуулан дэмждэг байна.
Тэгвэл манай улсын хувьд хэд хэдэн хуванцар дахин боловсруулах үйлдвэр байдаг бол энэ оноос анх удаа хаягдал цаасыг дахин боловсруулах үйлдвэр ашиглалтанд ороод байна.
“ЭкоПак Монгол” ХХК нь 2010 онд байгуулагдсан бөгөөд Монголын анхны дотоодын хөрөнгө оруулалт бүхий цаасан хайрцаг, сав, баглаа боодлын бүрэн автомат үйлдвэр бөгөөд 2019 оноос цаасан хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрийн төсөлийг хэрэгжүүлэн энэ онд хаягдал цаас дахин боловсруулах үйлдвэрээ ашиглалтанд оруулаад байна. Энэхүү хаягдал цаас дахин боловсруулах үйлдвэр нь цаасан хайрцаг сав баглаа боодлын анхдагч түүхий эд болох бор цаас үйлдвэрлэдэг бөгөөд 870мм-с 1650мм хүртэлх өргөнтэй, 110гр-аас 170гр хүртэлх зузаантай рулонтой цаасыг өдөрт 30 тн боловсруулах хүчин чадалтай. Үйлдвэрлэлдээ европын дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн бөгөөд 100% саарал ус, байгаль орчин хүний эрүүл мэндэд хоргүй эрдэнэшишийн цавуу ашигладаг. 1 тонн хаягдал цаасыг боловсруулсанаар 0.9 тонн бор цаас үйлдвэрлэдэг бөгөөд 17 мод тайрахаас сэргийлж, 4100 квт эрчим хүч, 26,5 мянган литр ус, хаягдал цаасыг булах байсан 3.2 м3 газрын зайг хэмнэж 0.9 тонн нүүрсхүчлийн хий ялгарахаас сэргийлдэг юм байна. Дахин боловсруулах үйлдвэр нь эдийн засаг, байгаль экологид эерэг нөлөө үзүүлдэг стратегийн чухал үйлдвэр хэдий ч эдгээр жижиг дунд үйлдвэрлэгчдэд Хөгжлийн банкны зээл авах болон , төрөөс бодлогоор дэмжих зэрэг бодит дэмжлэг байдаггүй нь харамсалтай. Тус үйлдвэр нь 1 тонн хаягдал цаасыг мөнгөөр үнэлж аван дахин боловсруулдаг юм байна. Аж ахуйн нэгж, иргэд, албан байгууллага нь хогоо ангилан ялгах төлөвшил суугаагүйгээс үүдэн түүхий эдийн дутагдалтай байхаас гадна, түүхий эдийг цуглуулсаны дараагаар дахин ангилан ялгах зэрэг нь өндөр зардалтай байдаг аж. Тус дахин боловсруулах үйлдвэр нь дотоодын хэрэгцээ болох 6.1 тонн бор цаасны хэрэглээг бүрэн хангаж бүтээгдэхүүнээ экспортод гаргах боломжтой. Энэхүү үйлдвэр нь Монгол улсын хог хаягдлын менежмент, байгаль экологи, эдийн засагт эерэг нөлөө үзүүлж буй стратегийн чухал ач холбогдолтой үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт юм.
Сэтгэгдэл (4)