Хорват улсад зохион байгуулагдаж буй "Дэлхийн бөхийн холбоо"-ны чансааны оноо олгодог "Zagreb Open" олон улсын тэмцээнээс эрэгтэйчүүдийн 92 кг-ын жинд U23 насны ДАШТ-ий хүрэл, насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий хүрэл медальт ОУХМ Ганбаатарын Ганхуяг хүрэл медаль хүртлээ.
Г.Ганхуяг хүрэл медалийн төлөө Энэтхэгийн бөх Прутвираж Бабасахеб Патилыг 9:1-ээр ялжээ. Эмэгтэйчүүдээс ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт гавьяат тамирчин Д.Отгонжаргал 50 кг-ын жингийн шөвгийн наймд олимпийн дөрвөн медальт, Дэлхийн хоёр, Европын 10 удаагийн аварга Азербайжаны бөхМария Стадникт 2:6-гаар ялагдаж тэмцээнээ өндөрлүүлэв.
Г.Ганхуяг нь Ховд аймгийн Булган сумын харьяат, аймгийн арслан цолтой. Тэрбээр Ардын хувьсгалын 100, Ховд аймаг үүсгэн байгуулагдсаны түүхт 90 жилийн ойгоор долоо даван түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн. Түүний уран хурц барилдаанууд үзэгч түмний нүдийг хужирлаж, сэтгэлийг баясгадаг билээ. Энэ нь түүний их спортоор хичээллэсний үр дүн юм.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)