Оюутны лигийн тэргүүн тоглогч, “Ган” зуны лигийн аварга, тэргүүн тоглогч, өнгөрсөн улирлын аварга “Тэнүүн-Өлзий Металл” багийн тоглогч Тайваны Цогбадрахтай ярилцлаа.
-Өнгөрсөн улирлын Дээд лиг болон зуны лигт "Хүлэгүүд" багаас тоглож аварга болсон. Энэ улиралд багаа сольж "Тэнүүн Өлзий Металл" багаас тоглох болсон сэтгэгдэл.
-2022-2023 оны улиралд "Тэнүүн Өлзий Металл" багт шинээр нэгдээд хоёр сар гаран болж байна. Одоо л багтайгаа уусаад, үеийн залуус учир харилцахад амар байгаа.
-Аварга авсан улирлын дараа шинэ багт орох хэр байв?
-Аварга аваад зуны лигт түрүүлээд "Хүлэгүүд" багтай хийсэн гэрээ маань дууссан. Өөрөө бас үеийн залуустайгаа хамт тоглох хүсэлтэй байсан учир "Тэнүүн Өлзий Металл" багтай ирж уулзаад орсон.
-Шинэ улирал шинэ зааланд эхэллээ. Шинэ зааланд хэр дасч байна?
-Шинэ заал, шинэ уур амьсгал гоё байгаа. Хувцас солих өрөөнөөс эхлээд, шүүгч нар өндөр хариуцлагатай бүх зүйл шинэ байгаа. Тэгэхдээ бас шинэ ордонд хуучин ордон шигээ бүр сайн дасч өгөхгүй байгаа. Жаахан цэлийгээд, бусдаар бол гоё. Манай багийн хувьд хүснэгтийн гуравдугаар байрт бичигдэж байна. Хоёр тоглолт хийгээд хоёрдугаар тойрог дуусна.
-"Хүлэгүүд" багийн эсрэг тоглолоо. Хуучин багийнхаа эсрэг сэтгэлзүйгээ хэр бэлдэв?
-Хуучин багийнхаа эсрэг тоглох эвгүй байсан. Өөрийнхөө санасанд тоглож чадаагүй. Тамирчин хүний хувьд гоё тоглоё гэж бодсон санасандаа хүрч чадаагүй.
-Хувь тоглогчийн хувьд энэ улирлын зорилго?
-Миний хувьд шинэ багтаа өөрийн чадах юмаараа тусалъя гэж бодож ирсэн. Одоохондоо яг хүссэн хэмжээндээ гоё болоогүй л байна.
-Дээд лигт тоглож буй тоглогчдоос дундын зайнаас найдвартай шиддэг шидэгчдийн нэг Т.Цогбадрах. Дундаас шидэлтээ хэрхэн бэлддэг вэ. Алсын зайн шидэлтийн бэлтгэл хэр хийж байгаа вэ?
-Ер нь бол нэг зүйлээ сайн хийж чаддаг байх ёстой гэсэн зарчмыг баримталдаг. Сагсанбөмбөг одоо бол өндөр төвшинд хөгжөөд гоё, гоё зүйлүүд их хийдэг болсон ч миний хувьд тийм зүйлийг хүсдэггүй. Яг энгийн л тоглохыг хүсдэг. Дундын шидэлтийг Дарханд анх сагсанбөмбөг сурахдаа сурсан. Дарханаас гарч ирсэн тоглогчид ер нь бүгд дундын зайн шидэлт сайн шиддэг. Ах нар маань дундаас сайн шиддэг, тэд нарыг харж өссөн болохоор л дундаас их шиддэг, дуртай. Манай багийн Н.Мөнхчөдөр дундаас өндөр хувьтай шидэж байгаа. Бид хоёрын хувьд мөн бэлтгэл дээрээ алсын зайн шидэлтийн бэлтгэл хийгээд шидэж сурч л байна. Тэгэхдээ өндөр хувьтай биш. Өөрсдийгөө бас нэг төвшин ахиулах гээд алсын зайн шидэлтийн бэлтгэл хийж байгаа.
-Т.Цогбадрахын хувьд нуруу намтай тоглогч. Гэвч хүчтэй тоглолтоороо үүнийгээ нөхөж байгаа харагддаг. Хүчний бэлтгэл хэр хийдэг вэ?
-Дарханд анх Д.Гүржав багш дээрээ сагсанбөмбөг сурч байхдаа штанганд их суудаг байсан. Д.Гүржав багш маань өөрөө шигшээ багт төвийн байрлалд тоглодог байсан учир хөлийн ажиллагаа болон штанганд их суулгаж 10 жилд байхдаа хөлийн ажиллагааг сайн сурсан байх. Намхан нураагаа хөлийн ажиллагаагаараа л нөхдөг байх.
-Монголын лигээс харж, суралцаж явдаг тоглогч хэн бэ?
-Монголын лигээс О.Ууганбаяр ахынхаа тоглолтыг харж, дэмждэг. Оюутан, 10 жилд байхдаа улсын аварга их ирж үзнэ. Д.Гүржав багш маань ордонд тоглолт их үзүүлдэг байсан. Тэр үед “M-Гарьд” баг “Танан Гарьд” нэртэй байхад нь их үздэг байсан. Тэгээд О.Ууганбаяр ахыг дэмждэг болсон. Уугаа ах чинь өөрөө бас нээх өндөр биш 188см байна уу даа. Тэгэхдээ л лигт төвийн байрлалд хүртэл тоглодог. Биеийн хүч сайтай. Ер нь иймэрхүү л тоглогч болохыг хүсдэг. Оюутан болоод ч Уугаа ах шиг ээ тоглохыг бодож тоглож байсан. Зуны лигт ч гэсэн сурсан зүйлээрэй л тоглосон.
-NBA-ийн ямар баг дэмждэг вэ. Хувь тоглогч дэмждэг үү?
-Хувь тоглогч гэвэл Лэброн Жэймсийг дэмждэг. Баг гэвэл “Бостон Селтикс” багийг дэмждэг. Бостонг дэмжээд гурван жил болж байна.
-ААШТ-ий урьдчилсан шатны тоглолтыг үзэхэд сэтгэгдэл хэр байв. Тоглогч хүний хувьд хэр санагдав?
-Өнөө цаг үеийн шилдэг ах нар, үеийн залуучууд байгаа гэдэг утгаар нэгдүгээр шатны тэмцээн маш гоё болсон. Шигшээ багийн бүрэлдэхүүн ч гоё байсан. Тэгэхдээ тамирчин хүний хувьд шигшээ багт лигийн шилдэг хамгаалагчдаа яагаад авдаггүй юм бол гэдэг бодол төрдөг. Шилдэг хамгаалагчид, шилдэг хамгаалагчид л гээд байдаг ч шигшээ багт багтдаггүй. Тэр утгаараа хамгаалгчдыг л жаахан хардаг. Т.Мэндбаяр, Г.Билгүүн гээд сайн хамгаалагч нар байдаг, яагаад авдаггүй юм бол гэж хардаг.
-Энэ улирлыг хэрхэн харж байна. Хамгийн хүчтэй өрсөлдөгч гэвэл аль багийг нэрлэх вэ?
-Мэдээж "M-Гарьд", "Хүлэгүүд", "Эрдэнэт", "Apes" гээд алийг нь ч гэлтгүй бүх баг хүчтэй байна. Манай баг түрүү жил лигийн дөрөвдүгээр байрт орсон. Энэ жил эхний ээлжинд байраа ахиулах зорилготой байгаа. Одоо улирлын сүүлийн хоёр тоглолтоо "Эрдэнэт-Майнерс", "Налайх-Визон" багуудтай хийгээд дуусна.
-"Тэнүүн-Өлзий Металл" багийн бусад багаас ялгарах онцлогийг юу гэж харж байна.
-Бусад багаас илүү онцлог нь манай баг залуучуудаас бүрдсэн баг. Тэр утгаараа "Хүлэгүүд", "Гарьд" гэдэг шиг яваандаа, өнөө маргаашдаа биш юмаа гэхэд хоёр гурван жилийн дараа байнга "Хүлэгүүд", "Гарьд" гэж яригддаг шиг том баг болох байх гэж хардаг. Үеийн залуучууд болохоор. Манай багийн Д.Дэлгэрням, О.Доржзовд ах хоёр л хамгийн ахмад нь тэгээд дан доошоо 1995, 1997, 1999, 2000 оны тамирчдаас бүрдэж байна.
-Ярилцсанд баярлалаа. Улиралд нь амжилт хүсье.
-Баярлалаа.
А.Болдбаатар