“Пепси Алтан Цом” үндэсний бөхийн 21 аймаг 9 дүүргийн бөхчүүдийг аварга шалгаруулах багийн тэмцээний шилдэг найман багийн тойргийн барилдаан өчигдөр Булган аймаг болон Увс аймгийн бөхчүүдийн барилдаанаар эхэллээ.
Барилдааны эхэнд түрүүлсэн багт очих цомыг танилцууллаа.
"Үндэсний Пепси-Алтан Цом"-ын эх загварыг Архангай аймгийн Хашаат сумын уугуул уран барималч, зураач, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Ж.Түмэнчулуун гаргаж, Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул уран дархан Б.Алтангэрэл бүтээн туурвисан байна.
Уг цомыг "Өндөр гэгээн Занабазар"-ын уран дарханы дэг сургуулийн дагуу бүтээсэн бөгөөд 60см өндөр, 43кг жинтэй тус цомыг зургаан сарын хугацаанд урлажээ. Цомын суурийг хар ногоон өнгийн үнэт чулуугаар хийсэн нь Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээ үүрд оршихыг бэлэгдсэн бөгөөд найман талт суурь нь Монгол орны дөрвөн зүг, найман зохисыг бэлэгдсэн байна. Чулуун суурийн гурван давхар үе нь Монгол бөхийн өнгөрсөн, одоо, ирээдүй гурван үеийг бэлэгдэж бүхий л цаг үед Монгол бөхийн дэвжээ хад, чулуу мэт бат оршин байхын илэрхийлэл аж.
Найман тал, гурван үетэй чулуун суурин дээр нийт 24 ширхэг мөнгөн хавтанг байрлуулсан бөгөөд тал тус бүр дээр "Алтан Цом"-д түрүүлсэн багуудын нэрийг сийлж мөнхлөн үлдээх аж.
Идэр дөрвөн хүчтэн эх орны дөрвөн зүгээс ирж нутаг усаа төлөөлөн барилдаж байгаа шилдэг бөхчүүдийг идэр залуу дархан аваргуудаар дүрсэлсэн байна. Спорт нь залуу насны илэрхийлэл учир, идэр залуу гал цогтой дархан аваргуудыг сонгон урлажээ.
Алтан хундага: Алтан цомын их биеийг Монголын эртний Юань гүрнээс ихс дээдэс, язгууртнуудыг хэрэглэж байсан алтан хундаганы загвараар бүтээсэн байна. Энэ алтан хундагыг Сүхбаатар аймгийн нутгаас олдсон хэд хэдэн эртний хөшөө дурсгал дээр урласан байдаг бөгөөд өдгөө түүх археологийн баримтаар хэдийн батлагдсан байдаг байна. Алтан хундаганы дөрвөн талд, дөрвөн хүчтэн байрлуулсан нь Монгол бөхийн бүхий л цол чимгийг бэлэгдсэн утга агууламжтай юм. Алтан цом нь өөрөөр дээшээ харсан сав, ямар нэгэн сайн зүйлсийг дээшээ харсан саванд тогтоон барина гэж үздэг. Алтан цомд ир чадал, эрдэм ухаан, их амжилтыг үргэлж тогтоон барихыг бэлэгдсэн аж.
А.Сүх
Сэтгэгдэл (1)