“Пепси Алтан Цом” үндэсний бөхийн 21 аймаг 9 дүүргийн бөхчүүдийг аварга шалгаруулах багийн тэмцээний шилдэг найман багийн тойргийн барилдаан өнөөдөр Булган аймаг болон Увс аймгийн бөхчүүдийн дунд эхэллээ.
Уг барилдаанд Булган аймгийн начнууд Увс Нуур дэвжээний бөхчүүдийн эсрэг 14-11 харьцаагаар ялалт байгуулсан ба Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат улсын начин Д.Амарсайхан тав барилдан тав давж багаа тэргүүллээ.
Булган аймгийг төлөөлөн улсын начин Д.Амарсайхан, улсын начин Б.Түмэндэмбэрэл, улсын начин Д.Амаржаргал, улсын начин Х.Цогтгэрэл, улсын начин Э.Сумъяабат, улсын начин Б.Түвшинтөгс нарын зургаан начин зодоглосон бол Увс аймгийн багаас даян аварга Н.Батсуурь, улсын гарьд Ө.Бат-Орших, улсын харцага Т.Баасанхүү, улсын харцага Ц.Мөнхбаяр, аймгийн арслан Б.Баянмөнх гэх бөхчүүд барилдсан.
Ялалт байгуулсан Булган аймгийн баг шагнал болох гурван сая төгрөгийг Булган аймгийн нэгдсэн эмнэлэгт, Увс аймгийн баг хоёр сая төгрөгийг Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт тус тус хандивлахаар болжээ. “Пепси Алтан Цом” барилдааны гуравдугаар шатанд шалгарсан шилдэг найман баг хоорондоо тойргоор барилдаж шилдгүүдээ тодруулна.
А.Сүх