Монголын бүх ард түмний спортын өвлийн XIV наадам болон Монголын хүүхдийн спортын өвлийн VII наадам “Нөхөрлөл-Тэмүүлэл-Амжилт” уриан дор хоёрдугаар сарын 06-13-ны өдрүүдэд Орхон аймгийн Эрдэнэт хотод болох гэж байна. Тус наадмыг гүйлтийн цана, уулын цана, гүйлтийн тэшүүр, шорт трейк, шайбтай хоккей, снөүборд гэсэн зургаан ангиллаар зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд нийслэлийн есөн дүүрэг, 19 аймгаас нийт 700 орчим тамирчид оролцох ажээ.
Засгийн газрын 2018 оны “Журам батлах тухай” 183 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Улсын хэмжээний спортын наадам зохион байгуулах журам”-ын 2.1-д заснааар Монголын бүх ард түмний спортын зуны болон өвлийн наадмыг дөрвөн жилд нэг удаа, Монголын хүүхдийн спортын наадмын зуны болон өвлийн төрлийг хоёр жил тутам нэг удаа зохион байгуулахаар журамласан.
Өвлийн спортын их наадмыг орон нутагтаа зохион байгуулах эрхийн төлөө Орхон аймаг, Баянхонгор аймаг өрсөлдсөн. Биеийн тамир спортын улсын хорооноос ажлын хэсэг гарч 2022 оны аравдугаар сард Орхон аймагт ажиллаж барилга байгууламж, зам, талбайн орчин, дэд бүтэц, худалдаа, үйлчилгээний байгууллагуудын хүчин чадалтай танилцаж 10 гаруй шалгуур үзүүлэлтийг тавьсанаар өвлийн спортын их наамдыг Орхон аймаг зохион байгуулах эрхийг авсан билээ.
Сонирхуулахад, тус наадмын гүйлтийн тэшүүр, шорт трейкийн тэмцээн Цэнгэлдэх хүрээлэн, Шайбтай хоккейн тэмцээн Орос 19 дүгээр сургууль, Гүйлтийн цана, уулын цана, снөүбордийн тэмцээн Сархиа цанын баазад тус тус зохион байгуулагдах юм.