Японы мэргэжлийн сүмогийн түүхэн амжилтуудын эзэн, 69 дэх Их аварга Хакухо М.Даваажаргал энэ сарын 28-нд албан ёсоор зодог тайллаа. Улаанбаатар хот Монголын үндэсний бөхийн Дархан аварга Монгол улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Олимпын мөнгөн медальт, алдарт бөх Жигжидийн Мөнхбатын хүү болон мэндэлсэн тэрбээр Японы мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга, Монгол улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин цолтой.
Тэрбээр 2001 онд арлын Япон орныг зорьж, 2007 онд дээд зиндаанд анхлан түрүүлсэн. Замналынхаа хугацаанд доод зиндаанд нэг, дээд зиндаанд 45 түрүүлсэн нь сүмогийн энэ зуунд давтагдахааргүй том амжилт болсон бөгөөд өөр бусад бахдам амжилтуудын хамт дэлхийн дээд амжилтад бүртгэгдсэн. Хакухо 2019 онд Японы иргэншил авч, нэрээ Хакухо Шоо гэж сольсон бөгөөд 2007 онд гурван жил үерхсэн Япон улсын загвар өмсөгч Сайоко Вадатай гэрлэж, дөрвөн хүүхдийн эцэг эх болсон.
Хакухо зодог тайлж, өөрийн "Миягино" дэвжээнийхээ багшаар ажиллаж, сүмогийн хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулахаар зориг шулуудсан байна.
Энэ үеэр Дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ сошиал хуудсаараа дамжуулан олон нийтэд шууд дамжуулсан юм. Тухайн дамжуулалтад М.Даваажаргалын ярьсныг хүргэе.
Тэрбээр "Үс минь ийм боллоо. Зохиж байна уу. Монголын ард түмнийг төлөөлж, таныг ирсэнд баяртай байна. Ерөнхий сайдын цомыг үүрд хадгалуулсанд тань сэтгэгдэл маш өндөр байна. Танд ярилцлага өгч суугаадаа баяртай байна шүү. Танд болон Монголынхоо ард түмэнд шинэ оны мэнд хүргэж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Монголын Засгийн газрын хамт олон, Ерөнхий сайд болон Ерөнхийлөгчид төрийн хүндтэй сайхан цомыг хүртээсэнд талархъя. Та бүхэнд ажлын амжилт хүсье" гэжээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (5)