Өнгөрөгч амралтын өдрүүдэд Монгол бөхийн өргөөнд улс, аймгийн алдарт цолтой бөхчүүдийн барилдаан боллоо.
Энэ сарын 28-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын 100 жилийн ойд зориулсан “Эко констракшн” ХХК-ийн нэрэмжит Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болж, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, “Сокол” ХХК, “Хатант интернэшнл” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын үнэн зоригт харцага Батсүхийн Зоригтбаатар түрүүлж, Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Нутгийн буян” групп, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын гарьд Мягмарын Бадарч үзүүрлэв.
Өчигдөр буюу нэгдүгээр сарын 29-ний өдрийн Малчин телевизийн 10 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Нутгийн буян” групп, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын гарьд Мягмарын Бадарч 8 даван түрүүлж, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, “Хүч” спорт хороо, “Мөнхийн үсэг” групп, “Нэгдэл” клуб, “Их Богд” дэвжээний бөх, улсын үнэн зоригт харцага Нацагсүрэнгийн Золбоо үзүүрлэлээ.
Ингэснээр М.Бадарч гарьдын хувьд хоёр өдрийн дараалсан барилдаанд нэг түрүү, нэг үзүүр хүртлээ. Мөн өчигдрийн барилдааны их шөвөгт улсын шинэхэн арслан Б.Орхонбаяртай барилдсан барилдаан нь олныг шуугиулсан барилдаан байв.
Мөн Монгол Улсын үнэн зоригт харцага Б.Зоригтбаатар түрүүлснээр шинэ он гарснаар хоёр дахь, энэ улирлын гурав дахь түрүүгээ хүртлээ.
Сонирхуулахад ирэх долоо хоногт буюу 2023 оны хоёрдугаар сарын 01-ний өдрийн 20:00 цагаас Алтан цомын төлөөх цувралын шигшээ найман багийн барилдаан эхэлнэ.
Эхний өдөр 20:00 цагаас Увс болон Булган аймгууд барилдах бол
Хоёрдугаар сарын 02-нд 20:00 цагаас Баян-Өлгий – Өвөрхангай,
Хоёрдугаар сарын 03-нд 20:00 цагаас Төв – Баянхонгор,
Хоёрдугаар сарын 04-нд 16:00 цагаас Архангай – Завхан аймгууд учраа тааран барилдана.
Мөн хоёдугаар сарын 05-нд 12:00 цагаас "Жем Интернэшнл" ХК-ийн нэрэмжит "Улсын харцага цолны хүндэтгэл"-ийн улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болно.
А.Сүх