Португал улсын Алмадад Олон Улсын Жүдо бөхийн холбооны энэ оны анхны гран при ангилалын тэмцээн амжилттай явагдаж өндөрлөлөө. Энэ удаагийн гран при тэмцээнд 81 орны эмэгтэй 227, эрэгтэй 317 нийт 544 жүдоч хүч сорьж барилдлаа.
Манай улсаас 17 тамирчин Португалын гран прид хүч үзэв. Эхний хоёр өдрийн байдлаар эмэгтэйчүүдийн -52кг жинд барилдсан М.Нандин-Эрдэнэ 7-р байрт шалгарч манай улс 81 орноос амжилтаараа 19-р байрт бичигдэж байв.
Тэмцээний сүүлийн өдөр буюу өчигдөр эмэгтэйчүүдийн -78, +78, эрэгтэйчүүдийн -100, +100 кг жингүүдийн барилдаанууд явагдлаа.
Эрэгтэйчүүдийн -100 кг жинд Б.Гончигсүрэн, +100кг О.Цэцэнцэнгэл нар хүч үзлээ. Эмэгтэйчүүдийн -70 кг жинд О.Хүслэн, Б.Эрдэнэт-Од, +78кг Д.Номинзул нар барилдав.
Эрэгтэйчүүдийн +100 кг жинд барилдсан үндэсний шигшээ баг, "Женко" клубын тамирчин ОУХМ Одхүүгийн Цэцэнцэнгэл энэ оны анхны гран при ангиллалын тэмцээнээс хүрэл медаль хүртэв.
Ингэснээр манай улс 81 орноос 22-р байрт бичигдлээ. Манай жүдочдын дараагийн оролцох тэмцээн хоёрдугаар сарын 3-5-ны хооронд Франц улсын Парис хотноо зохион байгуулагдах их дуулга ангилаллын тэмцээн юм.
А.Сүх
Сэтгэгдэл (1)