Японы мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргалын зодог тайлах ёслол 2023 оны нэгдүгээр сарын 28-нд буюу маргааш Токио хотын “Кокүгикан” ордонд болох гэж байна. Тэрбээр дээд зиндаанд 45 түрүүлж, бүх цаг үеийн дээд амжилт тогтоосон мэргэжлийн сүмогийн домогт их аварга болсон билээ. Өдгөө 37 настай Хакухо Японы иргэншил авч, улмаар мэргэжлийн сүмод өөрийн нэрийн дэвжээг нээн багшийн үүрэг гүйцэтгэхээр болсон билээ.
Тэгвэл түүний зодог тайлах ёслолын тасалбар нэлээд үнэтай байгаа аж. Үүнээс гадна таван сая иэнийн үнэтэй “Diamond” тасалбар зөвхөн зургаан ширхэг зарагдах бөгөөд тасалбарын эзэд их аварга Хакүхогийн үсэнд хайч хүргэх эрхээс гадна “Миягино” дэвжээг өвлөн авах ёслолд оролцох, их аваргатай хамт зоог барих зэрэг онцгой эрхийг эдлэх гэнэ.
Түүнчлэн тэрбээр 69 дэх их аварга учир 69-ийн тоог бэлгэдэж, дүйцэх тооны онцгой зочдод гарын бэлэг барих ажээ.
Дашрамд, 1000 жилийн түүхтэй Японы үндэсний сумо бөхөд 30-аас дээш түрүүлсэн 2 аварга байдаг бол 1187 даваа авч 45 удаа түрүүлж Японы Эзэн хааны цомыг авсан цор ганц бөх нь "Хакухо" М.Даваажаргал юм.
Л.Сайнаа