"Ховд-Чандмань" баг лигийн хамгийн залуу бүрэлдэхүүнтэй залуу баг. Байгуулагдаад удаагүй ч томоохон уралдаан тэмцээнүүдэд амжилттай оролцсоор иржээ. Ховд аймгийн Чандмань сумаар овоглож, дээд лигт хүч үзэж буй энэ баг ойрын гурван жилд Дээд лигийн аварга болох том зорилтыг өмнөө тавин хичээж буй. Ийнхүү уншигч та бүхэнд "Ховд-Чандмань" багийн дасгалжуулагч Б.Энхбилэгтэй ярилцсан ярилцлагыг хүргэж байна.
-Танд энэ өдрийн мэндийг хүргэе.
-Баярлалаа. Та бүхэнд ч мөн энэ өдрийг мэнд хүргэе.
-“Ховд-чандмань” гэх нэрээс яриагаа эхэлье. Ховд аймгийн Чандмань сумын харьяат тамирчдаас бүрдсэн баг гэж хэлж болох уу?
-Тийм ээ. Манай баг Ховд аймгийн Чандмань сумаас үүсэлтэй. Ховд аймгийн Чандмань сумын уугуул С.Ганбаатар ах маань энэхүү багийг өнгөрсөн онд үүсгэн байгуулсан. Байгуулагдаад удаагүй ч одоогоор маш амжилттай уралдаан тэмцээнүүдэд оролцоод явж байна даа.
-“Ховд-Чандмань” баг хэрхэн бүрэлдсэн бэ? Бүрэлдэхүүний хувьд харьцангуй залуу тамирчид харагдлаа.
-Манай баг лигт тоглож буй бусад багуудыг бодоход залуу тамирчид олонтой. Мөн хамгийн залуу баг байгаа юм. Тамирчдын насны хувьд 16-25 насны тамирчид бий.
-Дээд лигт энэ жил эмэгтэй багууд оролцож эхэллээ. Эрэгтэй багуудыг бодвол эмэгтэй сагсанбөмбөгийн спорт хоцорч явж байгаа. Үүний шалтгааныг дасгалжуулагч хүний хувьд юу гэж харж байна вэ?
-Монголын сагсанбөмбөгт эрэгтэй хүмүүс хүссэн үедээ тоглодог. Харин эмэгтэй хүний хувьд хүний хүн болох, хүүхэдтэй болох зэргээс шалтгаалаад бүх цаг үед тоглоод байх хэцүү л дээ. Энэ нь мэдээж нөлөөлдөг. Мөн спортоос хэсэг хугацаанд хол байсан тамирчны хувьд хурд, хүч гээд өмнөх шигээ эрч хүчтэй байдаггүйд учир бий.
Харин бид энэ жил Сагсанбөмбөгийн лигтэй танилцаж, өөрсдөдөө итгэл олж авахыг зорьж Дээд лигт оролцож байна.
-Дасгалжуулагч хүний хувьд эрэгтэй, эмэгтэй тамирчдын сэтгэл зүй, тоглолтын ялгаа танд ажиглагддаг уу?
-Тийм ээ. Мэдээж ялгаа бий. Тухайлбал, Самбар дээр хувилбар зураад гаргахад эрэгтэй баг тамирчид тухайн хувилбараас зөрөх нь их. Харин эмэгтэй баг тамирчид самбар дээр зурсан хувилбарын дагуу хэрэгжүүлдэг. Эмэгтэй хүмүүс тэсвэртэй, гүйлгээ ухаан сайтай, хариуцлагатай санагддаг.
-“Ховд-Чандмань” багийн цаашдын зорилго юу байгаа вэ?
-Ойрын гурван жилд Дээд лигийн аварга болох гэсэн асар том, холын зорилго тавьсан.
-Баг бүрэлдэхүүний хувьд хамтран ажиллаж, тусалж дэмждэг хүмүүс амжилт гаргахад нөлөөлдөг шүү дээ.
-Тэгэлгүй яах вэ. Тоглолт бүрийн цаана хамтран ажилладаг, биднийг дэмждэг байгууллагуудын оролцоо их байдаг. Энэ дашрамд, багийн эзэн С.Ганбаатар ахдаа болон хамтран ажилладаг байгууллагууддаа талархсанаа илэрхийлье.
-Ярилцсанд баярлалаа. “Ховд-Чандмань” баг лигийн аварга болох болтугай.
-Баярлалаа.
Д.Батчулуун