Монгол Улсын Засгийн газар өвөлжилтийн байдал хүндрэх, зуданд өртөх эрсдэлтэй зургаан аймгийн нэг нь Увс хэмээгээд өвөлжилтийн бэлтгэл хангахыг аймгийн удирдлагуудад үүрэг болгосон. Гэсэн ч зургаан сум нь зудтай байгаа тус аймаг өвөлжилтийн бэлтгэлээ муу базааснаас малчдад хүндрэл учраад эхэлжээ. Уг нь өвөлжилт хүндэрч магадгүй гэсэн прогноз байгаа үед өвс тэжээлээ хангалттай базаагаад авбал өвлийг өнтэй давахад дэм болдог.
Харамсалтай нь Увс аймгийн удирдлагууд өвөлжилтийн бэлтгэлээ өвсний шим дуусаад хатаж, хагдарч эхэлсэн арваннэгдүгээр сард хийжээ. Өвөлжилтөд бэлтгэх нөөцийн өвснийхөө тендерийг Увсын удирдлагууд арваннэгдүгээр сард зарласан гэсэн үг. Оройтож зарласан нөөцийн өвсний тендерийн дагуу аймгийн төлөөлөгч нь Бөхмөрөн сумын Ачит нуурын дэрс бэлдсэн тухай өвөлжилт хүнэдэрч байгаа сумдын малчид ярьж байна. Нөөцийн өвс нь малд шим тэжээл өгөхөөргүй бүдүүн дэрснүүд байгаа талаар тэд мэдээлж байгаа юм. Мал идэх аргагүй ийм дэрсэн “өвс”-өө малчдад 8-13 мянган төгрөгөөр зарж, борлуулж байгаа ажээ.
Засгийн газраас сануулсаар байтал ид өвс тэжээл бэлтгэх улирлаар гадагшаа явж зугаалаад, мал идэх аргагүй дэрсийг өвсний сөл унасан үед бэлтгэсэн Увсын удирдлагуудад хариуцлага тооцох ёстой гэдгийг зудтай сумдын малчид хэлж байна.
С.Сүлд
Сэтгэгдэл (1)