Энэ сарын хамгийн сүүлийн үндэсний бөхийн барилдаан буюу Архангай аймгийн Цэнхэр сум үүсгэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаан энэ сарын 28-нд "Монгол бөхийн өргөө"-нд болох гэж байна.
Цэнхэр сум нь Хангайн уулархаг муж хийгээд Орхон, Тамирын хөндийд оршдог бөгөөд баруун хойд талаараа Булган сум, хойд талаараа Эрдэнэбулган, Батцэнгэл сумтай баруун, баруун урд талаараа Баянхонгор аймгийн Эрдэнэцогт, өмнөд талаараа Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум, зүүн өмнө зүүн талаараа өөрийн аймгийн Төвшрүүлэх, Хотонт сумтай хиллэн оршино. Нутаг дэвсгэр нь 332.8 мянган га талбайг хамардаг.
Цэнхэр сум 1934 оны байдлаар долоон багтай байв. Үүнд нэгдүгээр баг нь Цэцэрлэгийн голын эхэн биеийн нутаг, хоёрдугаар баг нь Цагаансүм, гуравдугаар баг нь Орхон, дөрөвдүгээр баг нь Цэнхэрийн голын дагуу нутаг, тавдугаар баг нь Могойн голын орчим, зургадугаар баг нь Цэцэрлэгийн голын доод биеийн хойт хэсэг, долдугаар баг нь Цэцэрлэгийн голын доод биеийн өмнө хэсэг буюу одоогийн Төвшрүүлэх сумын ихэнх нутгийг хамарч байв. Тус сум тухан үед 780 өрх, 3312 хүн ам, 6207 адуу, 10828 үхэр, 29787 хонь, 2088 ямаатай байсан байна. Харин 2020 оны байдлаар Цэнхэр сумын нийт хүн ам 6144, үүнээс эр 3090, эмэгтэй 3054, нийт өрх 1782, шинэ төрсөн хүүхэд 144, нас барсан хүн 46, шилжиж ирсэн 68, шилжиж явсан 127, өрх толгойлсон эмэгтэй 392, тахир дутуу иргэн 229, өндөр настан 368, өндөр настай ганц бие өрх 102 байна. Мөн 2020 оны жилийн эцсийн мал тооллогоор 335993 толгой мал тоолуулсан нь өмнөх оноос 36,000-аар буурсан үзүүлэлт гарчээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)