Энэ сарын 21-нд "Монгол улсын начин цолонд хүндэтгэл үзүүлэх" улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаан болж, улсын харцага Б.Зоригтбаатар түрүүлж, начин Б.Түмэндэмбэрэл үзүүр булаав. Их шөвөгт улсын аварга О.Хангай, улсын начин Э.Сумьяабат нар шалгарлаа.
Монголын Үндэсний бөхийн холбооноос зохион байгуулж буй "Үндэсний Алтан цомын төлөөх барилдаан"-аас эхлээд заал танхимын барилдаануудыг алгасахгүй үзэж буй хэнбугай ч бөх сонирхогчдын дунд "Цахилгаан Зоригоо" нэрээрээ алдаршсан улсын залуу харцага Б.Зоригтбаатарын уран хурц, түргэн шуурхай барилдаанаар бахархаж буй биз ээ.
Сүүлийн барилдааны шөвгийн дөрөвт тэрбээр Улсын аварга О.Хангайд амлуулан барилдаж, өрж эхлээд л тавхан секундэд хөлд нь сууж хонгодоод дарчхав. Танхим дүүрэн хүмүүсийг шуугиулсан онцлох барилдааны нэг мөнөөс мөн. Наадмын манлай бөхийг зориглон хонгодох бөх тэр өдөр түүнээс өөр байгаагүй гэж хэлж болно. Өмнөх бөхчүүдээ гарын үзүүрээр л унагасан О.Хангай аварга түүнд өвдөг шороодсондоо гайхширч, инээж буй нь өргөн дэлгэцээр харагдаж байв.
Магадгүй ийм гайхалтай болохоор нь л түүнийг "Цахилгаан Зоригоо" гэжээ. Тэрбээр Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, "Бөхбилэгт" дэвжээний бөх билээ. Ардын хувьсгалын 99 жилийн баяр наадмаар шинэхэн аймгийн арслан цолтой даваа болгонд тунан барилдаж, учраа бөхөө уран мэхээр давж, Монгол улсын харцага цолыг хүртсэн. Улмаар өнгөрсөн жилийн баяр наадмаар цолоо баталж, зааны даваанд чөлөөт бөхийн шинэхэн од Улсын заан М.Лхагвагэрэлд тахим өгсөн.
Тэрбээр мөн сумын заан цолтнуудын барилдаанд гурван удаа түрүүлсэн нь дээрх барилдааны үзүүр бөх Улсын начин Б.Түмэндэмбэрэлтэй зэрэгцэх амжилт билээ. Тэд аймаг, цэргийн цолтнуудын барилдаанд адил түрүүлж үзсэн. Харин Б.Түмэндэмбэрэл давсан бол хоёр бөхийн амжилт энэ зэрэгцэх байлаа. Б.Зоригтбаатар уг барилдаанд түрүүлсэн нь түүний улс, аймгийн цолтой бөхчүүдийн барилдааны хоёр дахь түрүү болов.
"Аваргыг хаяж, аварга болдог" гэдэг. "Амьсгаа нь задарсан бөх, адуу хоёр дийлддэггүй" ч гэдэг. Тэгвэл залуухан харцага маань энэ жилийн баяр наадмаар цахилж яваад л түрүүлж мэдэхээр үнэн зориг, үлэмжийн уран байгаагаа харуулсаар байна. Түүний цаашдын амжилтын зам дардан байх болтугай.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (3)