МҮБХ-ны тэргүүлэгчид болон барилдааны дүрмийн зөвлөлийн гишүүд хуралдаж барилдааны дүрэмд дараах өөрчлөлт оруулжээ. Энэ талаар цахим хуудсаараа мэдээлсэн байна.
“Монголын үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийн 4.5 дахь заалтын “1-4-ийн давааны үндсэн хугацаа 15 минут, үндсэн хугацаа дуусахад дан, давхар шуудагны барьцнаас барилдуулах хугацаа 30 минут, санаачилга харах хугацаа 10 минут, нийт 55 минут байна. 5-с дээших давааны үндсэн хугацаа 20 минут, үндсэн хугацаа дуусахад дан, давхар шуудагны барьцнаас барилдуулах хугацаа 40 минут, санаачилга харах хугацаа 10 минут, нийт 70 минут байна. Барилдааны хугацааг дээрх байдлаар тогтоосноор аль ч даваанд санаачилгагүй барилдсан хоёр бөхийн барилдааны нийт хугацаа дуусахад хөлийн цэцүүд хэлэлцээд, санаачилга харах 10 минутад идэвх санаачилга, барьц барих, хорьж барих, илт хамгаалах гэх мэт хөдөлгөөний үйлдлийг харгалзан үзээд идэвх санаачилгагүй бөхийг хасаж, нөгөө бөхийг давуулах” гэснийг “Аливаа барилдааны даваа бүрийн барьцгүй барилдах хугацаа 25 минут, барьцгүй барилдах хугацаа дуусахад дан, давхар шуудагны барьцнаас барилдуулах хугацаа 25 минут, нийт 50 минут байна. Аль ч даваанд барилдсан хоёр бөхийн барилдааны нийт хугацаа дуусахад хөлийн цэцүүд хэлэлцээд, тухайн барилдааны туршид идэвх санаачилга, барьц барих, хорьж барих, илт хамгаалах гэх мэт хөдөлгөөний үйлдлийг харгалзан үзээд идэвх санаачилгагүй бөхийг хасаж, нөгөө бөхийг давуулах” хэмээн өөрчилжээ.
Өөрөөр хэлбэл барилдааны нийт хугацааг 70 минут байсныг 50 минут болгон багасгасан байна.
Мөн ёс зүйн зөрчил гаргасан хоёр бөхийн асуудлыг Ёс зүй, сахилга, хариуцлагын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр тогтож, уг хурлыг зарлагдах хүртэл хугацаанд аль ч төрлийн барилдаанд оролцуулахгүй түдгэлзүүлэхээр тус тус шийдвэрлэжээ.
Сэтгэгдэл (1)