"Мөсөн Өргөө"-д зохион байгуулагдаж буй “UNC-2023” 15 спорт холбооны нэгдсэн УАШТ-ий хүндийг өргөлтийн эмэгтэйчүүдийн -87 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин Мөнхжанцангийн Анхцэцэг түрүүлж, УАШТ-ээс 12 дахь алтан медалиа хүртлээ.
Тэрбээр огцом өргөлтөөр 95 кг, түлхэлттэй өргөлтөөр 100 кг-ыг эхний оролдлогоороо өргөж алтан медаль хүртсэн юм. Мөн тэрбээр 76 кг-аас дээш бүх жинд Монгол Улсын дээд амжилтыг эзэмшдэг цорын ганц тамирчин. Түүний өрсөлдсөн -87 кг-ын жинд “Увс нуур” клубийн Г.Чинболор огцмоор 55 кг, түлхэлттэй 67 кг-ыг өргөж мөнгө, Г.Марал огцмоор 55 кг, түлхэлттэй 65 кг-ыг өргөж хүрэл медалийн болзол хангасан юм.
Л.Сайнаа