Монгол Улсад жүдо бөхөөр хичээллэх сонирхолтой өсвөр насныхны тоо огцом нэмэгдсэн. Тэр хэрээр жүдо бөхийн клубууд шинээр нээгдсээр байгаа юм. Сүүлийн ганцхан жилийн дотор л гэхэд 20 гаруй клуб шинээр үүд хаалгаа нээсэн нь үүний нэг тод жишээ.
Тэгвэл шинэ нээгдэж байгаа клубээс гавьяат тамирчин Д.Төмөрхүлэгийн үүсгэн байгуулсан “Хүлэг” клубыг онцолж байна. Өнгөрсөн оны наймдугаар сард нээлтээ хийсэн тус клубт одоогоор 40 орчим хүүхэд жүдо бөхийн эрдэмд суралцаж байгаа юм. Азийн наадмын аварга, Азийн аваргын алт, мөнгө, хүрэл медальт, насанд хүрэгчдийн дэлхийн аваргын V, олимпын VII байрын шагналт, залуучуудын дэлхийн аваргын хошой мөнгөн медальт, самбо бөхийн дэлхийн аварга, гавьяат тамирчин Д.Төмөрхүлэг клубынхээ багачуудад өөрөө хичээл заадгаараа онцлогтой. 2022 оны гуравдугаар сараас үйл ажиллагаа эхлүүлсэн тус клубын өсвөрийн жүдочид гурван алт, хоёр мөнгө, хоёр хүрэл хүртсэн байна.
“Хүлэг” клубын жүдочдын ирээдүй гэгдэх, олимпоос алтан медаль хүртэж, хөдөлмөрийн баатар болох зорилготой Ч.Сайнжаргал охинтой цөөн хором ярилцлаа. Тэр дөнгөж 10-хан настай ч том мөрөөдөл, зорилго тээж яваа нэгэн.
-Жүдо бөхийн спортыг сонгож хичээллэх болсон шалтгаан юу вэ?
-Жүдогоор барилдаж байгаа хүүхдүүдийг хараад гоё санагдсан. Өөрөө барилдаж үзэх юмсан гэх мөрөөдөлтэй. Мөрөөдлөө биелүүлэхийн тулд аавдаа зориглож хэлсэн чинь аав зөвшөөрч дэмжсэн юм. Ингээд гавьяат тамирчин Д.Төмөрхүлэг багшийн клуб дээр авчирсан. “Хүлэг” клуб дээрээ бэлтгэл хийгээд найман сар болж байна.
-Охин хүүхдийг бөхийн спортоор хичээллэнэ гэхэд ээжүүд их дургүйцдэг. Чамайг жүдогоор хичээллэнэ гэхэд юу гэж хэлсэн бэ?
-Гэрийнхэн огт дургүйцээгүй, харин ч дэмжсэн. Хэдийгээр бэртэж, гэмтэх тохиолдол байх ч ээж минь намайг үргэлж дэмжсээр ирсэн. Миний хамгийн сайн дэмжигч бол аав, ээж.
-Ингэхэд танай гэрт чамаас өөр тамирчин бий юү?
-Байхгүй. Аав залуудаа чөлөөт бөхөөр барилддаг байсан. Одоо бол бөхийн спортод үнэн сэтгэлээсээ хайртай, дуртай хүн. Би аавынхаа хүслийг биелүүлэх гээд жүдогоор хичээллэж байна.
-Найман сар хичээллэхдээ хичнээн тэмцээн оролцов. Ямар амжилт үзүүлэв?
-Гурван тэмцээнд орсон. Анх самбын тэмцээнд оролцож мөнгөн медаль авсан. Энэ миний анхны амжилт. Дараа нь олимпын хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Нармандахын нэрэмжит тэмцээнд оролцохдоо 32 кг-ы жинд барилдаж, хүрэл медалийн төлөө барилдаанд ялагдсан. Хамгийн сүүлд “Жүдо сурагч” тэмцээнээс хүрэл медаль авлаа.
-Жүдогоор хичээллэхэд хамгийн гоё нь юу байна вэ?
-Өөрийнхөө хичээл зүтгэлийн үр дүнг харах гоё.
-Тэгвэл хэцүү нь?
-Бэртэж, гэмтэх. Бас тэмцээнд оролцоод медальгүй үлдэх.
-Медальгүй үлдээд шаралхсандаа уйлж байсан уу?
-Уйлаагүй. Харин өөртөө урам өгдөг. Өнөөдөр туршлагагүйтэж ялагдсан ч дараа нь заавал ялна гэж хэлдэг. Гавьяат тамирчин Д.Төмөрхүлэг багш маань ч надад тэгж хэлж, урам хайрладаг.
-Өдөрт хэдэн цагийн бэлтгэл хийдэг вэ. Жүдогоос шантарч байв уу?
-Хоёр цаг бэлтгэл хийнэ. Шантарсан тохиолдол байхгүй. Харин ч улам эрч хүчтэй болдог. Өмнө нь боксоор зургаан сар хичээллэсэн. Тэгээд жүдо илүү гоё байсан учраас энэ спорт руу орсон доо. Одоо дахиж өөр спорт хөөхгүй. Жүдодоо үнэнч байна. Би өөрийнхөө биеийг хөгжиж байгааг харах дуртай. Түүнээсээ урам авдаг учраас шантрах тухай огт боддоггүй.
-Миний дүүгийн зорилго юу вэ?
-Олимпын аварга болж, хөдөлмөрийн баатар болох зорилготой.
-Миний дүүгийн шүтэн биширдэг жүдоч хэн бэ?
-Японы ах, дүү Абэгийн барилдааныг үзэх дуртай. Ялангуяа дүү Абэгийн барилдааныг хардаг. Монголоос хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин М.Уранцэцэг, Д.Сумъяа, дэлхийн аваргын хүрэл медальт Л.Энхрийлэн нараас үлгэр дууриал авч, тэдэн шиг шилдэг жүдоч болохыг хүсдэг.
-Чөлөөт цагаараа юу хийдэг вэ?
-Спортод анхаарлаа хандуулдаг. Аавтайгаа гэрт бэлтгэл хийхийн зэрэгцээ ширээний теннис тоглож өнгөрүүлдэг.
“Хүлэг” клуб дээр ирэхэд Төмөрхүлэг багш нь юу хэлж байв?
-Сайн жүдоч болно оо гэж хэлсэн.
-Үеийнхэндээ хандаж юу хэлмээр байна вэ?
-Спортоор хичээллээрэй. Эрүүл чийрэг байгаарай. Медаль авахгүй ч биеэ зөв хөгжүүлж, гар утас, компьютер зэрэгт цаг бага зарцуулаарай. Чөлөөт цагаа спортоор хичээллэж зөв өнгөрүүлээрэй гэж хэлмээр байна. Жүдогоор хичээллэсэн гоё үр дүн харна шүү.
А.Сүх
Сэтгэгдэл (2)