Улс төр, эдийн засаг, эрх зүйн шийдэл, нийгмийн зөвшилцөх чуулга уулзалт өчигдөр болж өндөрлөлөө. Тус чуулга уулзалтад үе үеийн Монгол Улсын ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын дарга нар, иргэд, жагсагчдийн төлөөлөл бүхий 600 гаруй хүн оролцлоо. Ийнхүү уншигч та бүхэнд тус чуулга уулзалтад оролцсон улстөрчид, жагсагчдын байр суурийг хүргэж байна.
-Улстөрчдийн байр суурь-
Л.Оюун-Эрдэнэ: АН, МАН гэж ярьдаг ч нүүрс, зэсийн хоёр л нам бий
Тэрбээр “Парламент бүтэн биш буюу нийт иргэдийг төлөөлж чадахгүй байна. Парламентад ард түмэн түр хугацаанд эрхээ шилжүүлдэг. Олон нам парламентад орох ёстой. Би авлигын эсрэг хатуу тэмцэнэ. Гэхдээ шүүхэд нөлөөлөх эрхгүй тул Засгийн газар олж авсан баримтаа ил болгох боломжтой. Нийгмийг бухимдууллаа хэмээн намайг шүүмжилдэг. Би хэн нэгний мууг үзэх гэсэндээ биш цаашид ийм алдаа дахин битгий гараасай гэсэндээ зарим зүйлийг ил болгосон. УИХ-ын гишүүдийг эргүүлэн татах эрх надад байхгүй. АН, МАН гэж ярьдаг ч нүүрс, зэсийн хоёр л нам бий. Бид сэтгэл хөдлөлөөр, экстрим аргаар хандаж болохгүй” гэв.
Т.Доржханд: Том эрх мэдэл Ерөнхий сайдад биш Ерөнхийлөгч нарт байсан байна
Ерөнхий сайд шүгэл үлээгч болсон ч хэнд ч хариуцлага тооцдоггүй. Хөгжлийн банканд нэр холбогдсон хүмүүс, нүүрсний хулгайтай холбоотой гээд таван УИХ-ын гишүүний нэрийг зарлахад "Зүгээр байхад зүү шидвэл зөрүүлээд тэвнэ шиднэ" гэсэн. Би өмнө нь Ерөнхий сайд том эрх мэдэлтэй гэж харддаг байв. Гэтэл Ерөнхийлөгч нарт ихээхэн эрх мэдэл байжээ. Үндсэн хуулиа засахаар өөр аргагүй. Шинэ Үндсэн хуультай болох, нэмэлт өөрчлөлт оруулах, шинэчлэн найруулах гэсэн сонголтууд байна
-Жагсагчдийн байр суурь-
У.Цогтбаяр: Бид МАН-ыг татан буулгахын тулд тэмцэнэ
МАН иргэдийн хамгийн том дайсан болов. Бид нэг сар тэмцлээ, гадаа хөлдүү цементэн дээр хэвтлээ. Бид МАН-ыг татан буулгахын тулд тэмцэнэ гэдгээ мэдэгдье. Та нар хүссэн хэргийн материалаа ил болгодог юм байна. Гэтэл бидэнтэй хамт тэмцсэн нэг эгчийг 25 хоног хорилоо. Нүүрсний хулгайн улмаас 40 их наядын төгрөгийн хохирол учирсан гэж ярьж байсан бол одоо 70 их наяд гэдэг тоог эрдэмтэд хэлж байна. Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн газар надад гомджээ. Би таван удаа байцаалт өгсөн. АН ч ялгаагүй хулгайч. Ерөнхий сайд та залуустай хамт жагсах хэрэгтэй.
н.Бат-Очир: Монголд бүх гоё зүйл урд зүг рүү бий болж байна
Тэрбээр “Хурал дөрвөн минут хоцорч байж эхэллээ. Үүнийг өөрчилж байж тогтолцоо өөрчилнө. Төрийн хурган дарга нарын ажил энд байгаа ногоон хувцастай хүмүүс шиг дэг журам ёс зүйтэй байсан бол Монголд маш гоё байх байлаа. Би Япон улс руу ядуу амьдарлаасаа салах гэж явчихаад ядуу сэтгэлгээнээсээ салчихаад ирсэн гэж боддог. Тиймдээ ч өнөөдөр энд зогсож байна. Монголд бүх гоё зүйл урд зүг рүү бий болж байна. Хойно гэр хороолол яасан юм бэ. Тэр хүмүүсийн амьдрах, үзэл бодлоо илэрхийлэх боломжийг нээж өгөх хэрэгтэй. Өнөөдөр энэ улсыг зоригтой, зүрхтэй, сэтгэлтэй хүн хөгжүүлнэ” гэв.
-Оролцогчдийн байр суурь-
Б.Жаргалсайхан: Жагсаж буй залуус даналзаад л байх юм
Тэрбээр “Төр төмбөгөр, ёс ёмбогор гэж үг бий. Жагсаж буй залуус даналзаад л байх юм. Бид ч талбай дээр 100 мянган хүн цуглуулж жагсаж байлаа. Залуус аа та нар ажил хийгээч. Жагсаж байна гээд хүн загнаж, томорч байгаад чинь шал дургүй хүрчихлээ. Талбай дээр гарсан хэдэн нөхөд ярих юм бол энэ хурлаас гаръя. Та нар энд тэндээс мөнгө авч жагсаж байгааг чинь сонссон. Гудамжинд нийгмийн асуудал шийддэггүй юм. Долдугаар сарын 1-ний дараа би 45 хоног шоронд суусан юм. Битгий онгир та нар” гэв.
Н.Энхбаяр: Бид ерөнхийлөгчийн эсвэл хоёр танхимтай болох тогтолцоо руу шилжих хэрэгтэй
Тэрбээр “Саяхан хөл бөмбөгийн ДАШТ болж өнгөрлөө. Бүх дүрэм тодорхой байсан тул ямар ч маргаан гарсангүй. Бид орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Хүний эрх, байгалийн баялгийг ард түмэнд тэгш хүртээх, шударга шүүх, орон нутгийн өөрөө удирдах засаглал, жагсаж үзэл бодлоо илэрхийлэх эрх хаана байна. Аливаа ойлгомжгүй байдал дураараа дургих асуудлыг өөгшүүлдэг. Бид ерөнхийлөгчийн эсвэл хоёр танхимтай болох тогтолцоо руу шилжих хэрэгтэй” гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (3)