Иргэдийн төлөөлөл ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулууны гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд, улс нийтийн хөрөнгийг шамшигдуулсан талаарх баримт бичгийг АТГ-т хүргүүлж байна. Энэ үеэр тэрбээр мэдээлэл өглөө.
Тэрбээр "ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулууны талаар мэдээлэл, баримтууд цуглуулсан. Тухайдбал, зургаан баримт бий. Дорнод аймгаас сонгогдсон Х.Болорчулуун сайд Дорнод аймаг дахь Дорнод бүсийн эрчим хүчний системтэй салшгүй холбоотой. 2022.11.14-ний өдөр “Эргэлт.мн” сайтад гэмт хэргийн шинжтэй, нийтлэл бичигдсэн. Дорнод аймгийн станцын дарга нь Х.Болорчулуун сайдтай худ ургийн холбоотой.
Станцын дарга н.Отгонбаатар 2018 оноос хойш өөрийн хамаарал бүхий (төрсөн дүүгийн, зээ дүүгийнхээ компаниудад) компаниудад л тендер өгчээ. 2021 онд барилгын салбарт үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл авсан компани 2021-2022 оны хооронд нийт 8 тендерт ялсан байна.
Мөн Х.Болорчулуун гишүүн төрсөн дүүгээ “ЭТТ” ХК-ийн ТУЗ-д томилуулсан байж болзошгүй. Энэ хүн нүүрсний хулгайн хэрэгтэй холбоотой байж болзошгүй тул АТГ-т шалгуулахаар хандаж байна. Х.Болорчулуун сайд гурилын үйлдвэртэй атлаа ХХААХҮЯ толгойлох нь ашиг сонирхлын зөрчил юм. Би улс төрийн ямар нэг зорилго агуулаагүй. Сүүлийн өдрүүдэд ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуунтай холбоотой мэдээллийн сайтуудад тавигдсан мэдээллүүдийг шүүж, шаардлагатай баримтуудыг цуглууллаа. Албан шаардлагаа АТГ-ын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваад хаяглан иргэн хүнийхээ хувьд улс төрийн зорилгогүйгээр хүргүүлж байна" гэв.
Д.Батчулуун