Саяхан Катарын нийслэл Доха хотноо өндөрлөсөн хөлбөмбөгийн ДАШТ-ий шилдэг хаалгач, "Golden Glove" шагналын эзэн, Аргентиний шигшээ багийн хаалгач Эмилиано Мартинес Англид буцаж ирээд ДАШТ-ий алтан медалийнхаа аюулгүй байдлыг хангах үүднээс 20 мянган фунт стерлингээр нохой худалдан авчээ. Энэ нь төгрөгөөр 83 сая орчим болох юм.
Эмилиано Мартинесын худалдаж авсан уг нохой нь Бельгийн "Малинос" үүлдрийн нохой бөгөөд АНУ-ын тэнгисийн цэрэг, Английн армийн цэргүүд тусгай ажиллагаанд бэлтгэдэг гэнэ. Мартинесээс гадна Дэлхийн аваргын финалд түүний эсрэг тоглосон, "Тоттенхэм" клубийн хаалгач Уго Льорис, Арсеналын босс Микел Артета, алдарт боксчин Тайсон Фьюри нар уг нохойг тэжээдэг бөгөөд давхар аюулгүй байдлаа даатгадаг ажээ.
Л.Сайнаа