Олон улсын болон тив дэлхийн спортын уралдаан тэмцээнд амжилт үзүүлэн эх орон, аймаг орон нутгийнхаа нэрийг гаргасан 25 тамирчныг аймгийн Засаг дарга Б.Азжаргал өнөөдөр хүлээн авч хүндэтгэл үзүүлэн, шагнан урамшууллаа.
Амжилт үзүүлсэн эдгээр тамирчдад мөн дараагийн уралдаан тэмцээнд оролцоход нь зориулж тус бүр нэг сая төгрөг, шилдгийн шилдэг тамирчнаар шалгарсан 2 тамирчинд тус бүр 3 сая төгрөгийн мөнгөн дэмжлэг үзүүлэхээр боллоо.
Мөн тамирчдаа уралдаан тэмцээнд бэлтгэх, дасгал сургуулилт хийхэд шаардлагатай хувцас хэрэглэгдэхүүн авахад зориулан Шилдгийн шилдэг спортын холбоогоор шалгарсан Чөлөөт бөхийн холбооны 2023 оны үйл ажиллагаанд 20 сая, Шилдэг холбоогоор шалгарсан Шатрын холбоо, Хоккейн холбоонд тус бүр 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр боллоо. Энэ жилийн Спортыг дэмжигч байгууллагаар 10-р цэцэрлэг, Дархан Эмпати сургууль, Цагдаагийн газар тус тус шалгарсан юм.
Спортын амжилт гаргасан шилдэг сурагчид чөлөөт бөх, самбо, жудо бөх, үндэсний бөх, сумо бөх, бокс, хөнгөн атлетик, сагсан бөмбөг, гар бөмбөг, хөл бөмбөг, талбайн теннис, софт теннис, цана, байт харваа, бадминтон, спорт бүжиг, дугуй, кикбокс, крикет, даам, шатар, хоккей зэрэг спортын олон төрлөөр олон улс, тив дэлхийн уралдаан тэмцээнд оролцож алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн бахдам амжилтыг үзүүлсэн байна.
Аймгийн Засаг дарга нийт тамирчид, багш дасгалжуулагчдын цаашдын уралдаан тэмцээнд улам их амжилт хүслээ. Мөн тамирчдыг спорт, ерөнхий эрдмийн хичээлээ хослуулан суралцахыг захилаа. Хүүхдүүдээ дэмждэг эцэг эх, асран хамгаалагчдад ч талархал илэрхийллээ.