Бид энэ долоо хоногт нийслэл хотол өрнөсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
1. Жагсагчдад үзүүлж буй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг эрчимжүүллээ - 22.12.12
Жанжин Д.Сүхбаатарын талбайд жагсаж буй иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээг Хотын даргын өгсөн чиглэлийн дагуу эрчимжүүлж байна. Тодруулбал, Нийслэлийн Эрүүл мэндийн газраас эмнэлгийн тусламж, үйлчилгээг эрчимжүүлэн хоёр цаг тутамд үзлэг хийж, шаардлагатай арга хэмжээг авсаар байна.
Тухайлбал, 2022 оны арванхоёрдугаар сарын 11-12-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн эмч нар төв талбайд ажиллан хүмүүст үзлэг, эмчилгээ хийж, зөвлөгөө өглөө. Жагсаал эхэлснээс хойш Нийслэлийн Эрүүл мэндийн газрын яаралтай тусламжийн дөрвөн баг 24 цагаар бэлэн байдалд ажиллаж, нийт 100 орчим хүнд тусламж, үйлчилгээ үзүүлээд байгаа юм.
2. НЗДТГ-аас жагсагчдад гэр барих зөвшөөрөл олголоо - 22.12.12
Сүхбаатарын талбайд жагсаж буй иргэд өнгөрсөн баасан гарагт гэр барих зөвшөөрөл хүссэн. Энэ дагуу НЗДТГ-ын дарга И.Баатархүү, Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ нар жагсагчдын төлөөлөлтэй уулзаж, гэр барих зөвшөөрлийг уншиж, танилцууллаа.
НЗДТГ-ын дарга И.Баатархүү “Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 11.3.8-д Нийслэл Улаанбаатар хотын Сүхбаатарын талбайд жагсаал, цуглаан зохион байгуулахдаа гэр, майхан, бусад түр орогнох байр барих болон хоноглохгүй байх, түүнчлэн бүх төрлийн тээврийн хэрэгсэл, ердийн хөсөг нэвтрүүлэхгүй байхаар заасан. Иймд Сүхбаатарын талбайд үл хамаарах хэсэг буюу талбайн урд хэсгийн автомашины зогсоолд хоёроос илүүгүй гэр барих зөвшөөрөл олгож байгааг мэдэгдэж байна” хэмээв.
3. Тохижилт, үйлчилгээний ажилчид уртасгасан цагаар ажиллаж байна - 22.12.13
Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын Тохижилт үйлчилгээний албаны дарга Г.Дөлгөөнмөрөн “Хүмүүс олон, хөл хөдөлгөөн их учир төв талбайн хогийг цэвэрлэх 18 хүнтэй бригад хоёр ээлжээр 06:00-22:00 цагийн хооронд ажиллаж байгаа. Үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан хог хаягдал их байна. Мөн халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлэн цас цэвэрлэх ажилд бага зэргийн хүндрэл учирсан. Гэхдээ бид шаардлагатай арга хэмжээг шуурхай авч ажиллаж байна. Талбай дахь нийтийн бие засах газар өчигдрөөс эхлээд 24 цагаар ажиллаж, үйлчлэгч, холбогдох ажилчид нь хоёр ээлжээр цэвэрлэгээ хийж байна” гэлээ.
4. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дэргэд мөсөн хотхон байгуулж байна - 22.12.15
Оршин суугчдад ая тухтай амьдрах, амрах, чөлөөт цагаа өнгөрүүлэх орчныг бүрдүүлэх зорилтын хүрээнд Нийслэлийн Засаг даргаас өгсөн чиглэлийн дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талын орчинд мөсөн хотхоныг байгуулж байна. Тодруулбал, хүүхэд залуус, иргэд чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой мөсөн гулгуур, тэшүүрийн талбай, амьтдын баримал, сүлд мод, гэрэлтүүлэг чимэглэл бүхий хотхоныг тохижуулж буй.
5. Жагсагчдад хоёр гэр олгохоор боллоо - 22.12.15
Сүхбаатарын талбайд жагсаж буй иргэдээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид ирүүлсэн хүсэлтийн дагуу хоёр гэр болон бусад шаардлагатай зүйлсийг олгохоор боллоо. Тодруулбал, өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 14-ний өдрийн 17:00 цагт ирүүлсэн өргөдөлдөө иргэд дулаалга, халаалттай 10 гэр, галын хор, сайн чанарын цахилгааны утас, ширээ сандал, сувгийн антен татаж өгөхийг шаардсан.
НЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд өнөөдөр жагсагчдын төлөөллийг хүлээн авч уулзаж, иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах үүднээс дулаалгатай гэр хоёрыг, мөн галын хор, кабелийн утас, ширээ, сандал, зурагт зэрэг шаардлагатай зүйлсийг олгох, түүнчлэн ДДЭШ сувгийн антенн холбуулж өгөх шийдвэр гаргасныг мэдэгдлээ.
6. 35 тонн бодис, 134.8 тонн давс, 12 тонн хайрга цацаад байна - 22.12.16
Ус цаг уур, орчны судалгаа, шинжилгээний газраас нийслэлийн нутаг дэвсгэрт арванхоёрдугаар сарын 15-нд бага зэргийн цас орох төлөвтэй цаг агаарын мэдээ ирүүлсэн. Энэ дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/ нийслэлийн нутаг дэвсгэр дэх хүндрэлтэй нөхцөл байдал үүсэж болзошгүй даваа, гүвээ, хотын гол магистрал төв замуудад давс, бодис цацах тусгай техник хэрэгслүүдийн бэлэн байдлыг хангаж, цас орж эхэлмэгц халтиргаа, гулгаанаас сэргийлэх зориулалтын давс, бодис цацсан юм. Тодруулбал, арванхоёрдугаар сарын 15-16-нд цэвэрлээ, үйлчилгээний 18 байгууллагын зам, талбайн 818 үйлчлэгч тусгай зориулалтын 73 машин, техник хэрэгсэлтэйгээр ажиллалаа. Улмаар тусгай зориулалтын 35 тонн бодис, 134.8 тонн давс, 12 тонн хайрга цацаад байна.
7. Хот төлөвлөлт, барилгын зөвшөөрөлтэй холбоотой мэдээллийг хүргэх “eBARILGA” цахим систем ашиглалтад орлоо - 22.12.16
Хот төлөвлөлт, барилга байгууламжийн зөвшөөрөлтэй холбоотой мэдээллийг иргэд, олон нийтэд нээлттэй хүргэх, хот төлөвлөлтийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг шуурхай хүргэх зорилгоор вэб, аппликейшн хосолсон “eBARILGA” цахим систем ашиглалтад орлоо. Тодруулбал, www.ebarilga.ub.gov.mn геопорталаар дамжуулан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, барилгажилтын төслийн мэдээлэл, архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авсан, эсэх зэрэг нийслэлийн нутаг дэвсгэр дэх хот байгуулалттай холбоотой зөвшөөрлийн мэдээлэл, инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурвасын мэдээлэл болон Улаанбаатар хотын орон зайн мэдээ, мэдээлэл зэргийг авах боломжтой. Мөн Хот байгуулалт, хөгжлийн газраас иргэн, хуулийн этгээдэд үзүүлдэг төрийн үйлчилгээний хүсэлтийг илгээж, шийдвэрлэлтийг цахимаар хүлээн авах боломж бүрдэж байна. Харин “eBARILGA” гар утасны аппликейшн ашиглан иргэд өргөдөл, хүсэлтийнхээ шийдвэрлэлтийн явцыг хянах, барилга байгууламжийн зөвшөөрлийн хугацааны мэдээлэл, мэдэгдлийг харах, зөвшөөрөлгүй барьж буй барилга байгууламжтай холбоотой зөрчлийг мэдээлэх, хот байгуулалт, төлөвлөлтийн чиглэлийн боловсруулж байгаа төсөл, хөтөлбөрийн мэдээллийг шуурхай авах, өөрийн санал, хүсэлтээ илгээж болно.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (2)