Хөлбөмбөгийн “Катар 2022” ДАШТ-ий Аваргын алтан медаль, Цомын төлөө шигшээ тоглолтод Францын баг Аргентинтай тоглох боллоо. Манайхаар пүрэв гаргийн үүрээр болсон хагас шигшээ тоглолтод Францын “гурван өнгөтнүүд” энэ удаагийн “Катар 2022” ДАШТ-ий сенсаацын эзэн Мароккогийн багийг 2:0-ээр буулган авч финалд шалгарлаа. Өмнөх өдөр нь Аргентины баг хагас шигшээд Хорватыг хожиж шигшээ тоглолтод шалгарсан.
___Франц-Марокко 2:0. гоол: Эрнандес 5 мин (1:0), Коло-Муни 79 мин (2:0)___
Манай хойд хөрш “Россия 2018” ДАШТ-д түрүүлж авсан Дэлхийн аварга цолоо хамгаалахаар Катарт ирсэн “гурван өнгөтнүүд” хэмээх Францын баг хагас шигшээд Мароккотой хийсэн тоглолтод гараагаа сайн эхлүүлсэн. Шүгэл дуугарснаас хойш ердөө таван минутын дараа Италын “Милан” клубт тоглодог легионер Эрнандес айлын хаалганд гоол хийж тоог 1:0 болгож багтаа тэргүүллийг авчирлаа. Эхний гоол орсноос таван минутын дараа Мароккогийн хагас хамгаалагч Унахи тооны харьцааг тэнцүүлэх боломж гаргасан ч цохилтыг нь хаалгач Уго Льорис хаалт тавьж багаа аварсан. Төд удалгүй Францууд тоглолтын 17 дахь минутад хоёр дахь гоолоо Мароккогийн хаалганд хийх шахсан. Довтлогч Жиругийн цохьсон бөмбөг шон оносон. Нэгдүгээр үеийн төгсгөл рүү Францын багаас довтлогч Жиру, төвийн хамгаалагч Варан, Мароккогийн багаас төвийн хамгаалагч Эль-Ямиг нар гоол оруулах боломж үүсгэсэн ч ашиглаж чадаагүй. Нэгдүгээр үе 1:0-ээр өндөрлөсөн. Тоглолтын нэгдүгээр үед Мароккогийн багийнхны бухимдал төрүүлсэн нэг үйл явдал болсон нь талбайн шүүгч Рамосын буруу шүүлттэй холбоотой байлаа. Тоглолтын 27 дахь минутад Францын хамгаалагч Эрнандес Мароккогийн хагас хамгаалагч Буфальд гар хүрч дүрмийн алдаа гаргасан. Гэтэл мексик шүүгч Рамос нь “зодуулсан” Буфалийг алдаа гаргасан гэж эндүүрч түүнийг шар хуудсаар торгосон. VAR-ын шүүгчид видео давталтаар шүүгч Рамост болсон үйл явдлыг үзүүлсэн боловч тэрбээр зөрүүдэлж шийдвэрээ өөрчлөөгүй.
Хоёрдугаар үеийн эхээр хоёр баг харилцан довтолж, ялангуяа Мароккочууд тэнцээний гоол хийх гэж илүү идэвхтэй байлаа. Гэвч Француудын хана хэрэм мэт нягт хамгаалалтыг давж чадаагүй. Тоглолтын 79 дэх минутад Францын супер довтлогч Мбаппе айлын хаалгачийн талбайд гоцлон тоглолт хийж хэд хэдэн хамгаалагчийг хуурч бөмбөгөө алдалгүй хадгалж байгаад хаалга руу цохилоо. Бөмбөг нэг хамгаалагчийн хөлнөөс буцаж ойж арван хэдхэн секундын өмнө сэлгээгээр талбайд гарч ирсэн довтлогч Коло-Мунигийн өмнө унасан. Коло-Муни ч боломжийг зуун хувь ашиглаж хаалганы алсын булан руу цохиж гоол оруулснаар тоог 2:0 болгосон. Хоёр гоолын давуутай болсон Францууд эцсийн шүгэл дуугарах хүртэлх үндсэн цагийн үлдсэн 11, шүүгчийн сунгасан 6, нийт 17 минутын хугацаанд маш тайван байж, тоглолтын хэмнэлийг удирдаж хаалгандаа гоол алдалгүй 2:0-ээр хожил байгууллаа. Харин эсрэгээрээ Мароккочуудын тоглолт унасан. Нэгд тэнцээний гоол хийх гэж их гүйж ядарсан, хоёрт хоёр дахь гоол алдсан нь тоглогчдын сэтгэл санаанд нөлөөлсөн.
Энэ ДАШТ-ий финалд хүрэх фаворитоор нэрлэгдэж байсан Европын хүчирхэг Бельги, Испани, Португалын багийг дараалан хожиж тэднийг гэрт нь хариулж сенсаац дэгдээсэн Мароккогийн баг хагас шигшээд дэлхийн аварга Францыг дийлсэнгүй хожигдлоо. Африк тив, Арабын орнуудаас анх удаа хагас шигшээд шалгарч түүхэн амжилт гаргасан Мароккогийн баг Хүрэл медалийн төлөө Хорваттай тоглоно. Хэрвээ хожвол Африк тивээс ДАШТ-ий медаль хүртсэн анхны баг болох юм.
1978, 1986 онд түрүүлсэн Дэлхийн хошой аварга Аргентин, 1998, 2018 онд түрүүлсэн Дэлхийн хошой аварга Францын багууд хэн нь гурав дахь удаа ДАШТ-д түрүүлэхээ Арванхоёрдугаар сарын 18-нд болох финалын тоглолтоор шийднэ.
Сэтгэгдэл (1)