Хөлбөмбөгийн “Катар 2022” ДАШТ-ий хасагдах шатны хагас шигшээгийн эхний Аргентин-Хорват тоглолт манайхаар XII.13-наас 14-нд шилжих шөнийн 03.00 цагаас эхэлнэ. Хөлбөмбөгийн шинжээчид хөлбөмбөгийн амьд домог Мессигээр ахлуулсан Аргентины баг өмнөх “Россия 2018” ДАШТ-ий мөнгөн медальт Хорватыг хожиж финалд шалгарна гэж таавар дэвшүүлж байна.
Хагас шигшээгийн хоёр дахь Франц-Марокко тоглолт нэг хоногийн дараа манайхаар XII.14-нөөс 15-нд шилжих шөнө 03.00 цагаас болно. Польшийн Бооцооны конторуудын мэдээллээс харахад “Зуунууд номын түгжээ мултлагч” гэж нэрлэгддэг нэг польш эрхэм Африкийн “Атласын арслангууд” хэмээх Мароккогийн баг дэлхийн аварга Францыг хожиж финалд шалгарна гэж зөнч мэргэн Нострадамус 467 жилийн өмнө зөгнөж хэлсэн гэж тайлбарлаж буй гэнэ.
Нострадамус (1503-1566) нь Францын алдартай эмч, зурхайч. Тэрбээр Францад 1546-1547 онд дэгдсэн тахалд нэрвэгдсэн өвчтөнүүдийг эш үзүүлэн эмчилж алдаршсан. Энэ үеэс эхлэн бүхний танил эш үзүүлэгч болсон бөгөөд, амьд сэрүүн байхад нь түүний зөгнөлүүдийг 1555 онд “Зуунууд” нэртэйгээр хэвлэжээ. Нострадамус эш үзүүлж зөгнөхдөө франц, латин, испани, хэбрэй хэл холин оньсогоны хэв маяг ашиглаж сүүл холбосон дөрвөн мөртөөр шүлэглэсэн байдаг. Олон хэлээр хольж бичсэн зөгнөлт оньсогын “Зуунууд” номыг хэвлэгдсэнээс хойш олон зуун хүн тайлж унших гэж оюун ухаанаа уралдуулжээ. Өнгөрсөн хугацаанд 1789 оны Францын хувьсгал, 1914-1918 онд үргэлжилсэн Дэлхийн I дайн, 1917 оны Орост гарсан Октябрын хувьсгал гэх мэт Дэлхийн хэмжээний маш олон томоохон үйл явдлыг онож зөгнөсөн цөөнгүй таавруудыг нь тайлж нээжээ.
“Зуунууд номын түгжээ мултлагч” гэх польш судлаач уг номонд, Даян дэлхийг бүрхсэн нэгэн цар тахал татарч байх үед Умард туйлын өвлийн цаг агаар дор хос хаалгатай рингэнд Африкийн арслангууд өөрсдийг нь гаршуулан тэжээж байхдаа өлсгөж цангааж байсан Умардынхнаас хариугаа авч ялгуулсан ялалт байгуулна гэсэн утга бүхий шүлэглэсэн мөрүүд байгаа нь Африкийн “Атласын арслангууд” хэмээх Мароккогийн хөлбөмбөгчдийг “Катар 2022” ДАШТ-д цуврал хожил байгуулахыг 467 жилийн өмнө зөгнөжээ гэж тайлсан байна.
Учрыг магадлавал, Мароккогийн баг шөвгийн 8-д Португалыг 1:0-ээр хожсон. Хожигдсон Португал нь Африк тивийн хамгийн эртний улсуудын нэг Марокког XVII зуунд Европчуудаас анхлан эзлэн авч колончилж байжээ. Мароккогийн баг шөвгийн 16-д Испанийг торгуулийн цохилтоор хожсон. Испани нь 1940 онд өнөөгийн Марокко улсын баруун хойд хэсэг Хойд Африкийг Африк тивтэй холбосон худалдааны гол замын бүс нутаг Мавретани Тингитан мужийг булаан эзэлжээ. 1956 оны гуравдугаар сард Марокко тусгаар тогтнолоо зарласны дараа АНУ, Английн дэмжлэгтэйгээр энэ мужаа, түүнчлэн алдагдсан Баруун Сахарын газар нутгаа 1975, 1979 онд хоёр шаттайгаар Испаниас буцааж авсан байна. Бүр урагш нь түүхийг сөхвөл Мароккочууд шинэ колоничлогч Испанчуудын эсрэг 1859-1860 онд хийсэн дайндаа ялагдаж байжээ.
“Зуунууд номын түгжээ мултлагч” польш судлаачийнхаар бол Нострадамусын эш үзүүлж урьдчилж зөгнөсөн ёсоор Мароккогийн “Атласын арслангууд” дээр дурдсан Умардынханд ялагдсан хариугаа хөлбөмбөгийн талбай дээр авч хожиж ялалт байгуулж буй гэнэ.
Марокко улс Францын колони орон байсан. Тэдний дарлалаас улс даяар өрнөсөн бослого тэмцэл, түүнчлэн ОХУ, АНУ, Их Британи зэрэг гадаад гүрнүүдийн дэмжлэгтэйгээр 1956 онд туурга тусгаар бие даасан улс болж чөлөөлөгдсөн. Польш судлаач, Мароккогийн хөлбөмбөгийн “Атласын арслангууд”-ад хожигдох дараачийнх нь тус улсыг 44 жил колончилж байсан Францын баг гэж мэдэгдсэн байна.
Ташрамд хэлэхэд, хөлбөмбөгийн зарим шинжээч бас Мароккогийн баг Францыг хожно гээд энэ таамаглалаа хоёр үндэслэлээр тайлбарлаж байна.
___Мароккогийн баг хамгаалалт нягт, хаалгандаа ганцхан гоол алдсан. Энэ гоолыг өрсөлдөгч багууд нь бус өөрийн тоглогч нь хаалгандаа хийсэн авто гоол.
___Мароккогийн шигшээ багийн бүрэлдэхүүнд Европын хөлбөмбөгийн топ таван лигт тоглодог легионер хөлбөмбөгчин нар олноороо багтсан.
- Английн Премьер лигийн хамгаалагч Агерд (Вест Хэм), довтлогч Зиеш (Челси), Чаир (Куинз Парк Рейнжерс), хагас хамгаалагч Зарури (Бөрнли),
- Испанийн Ла лигийн хаалгач Буну (Севилья), хамгаалагч Эль-Ямик (Вальядолид), довтлогч Эн-Несири (Севилья), Эззалзули (Осасуна),
- Францын Лиг 1-ийн хамгаалагч Хакими (ПСЖ), Ашраф (Брест), хагас хамгаалагч Аззедин (Анже), довтлогч Абухлал (Тулуза), Буфаль (Анже)
- Италын Сери А-гийн хагас хамгаалагч Сабири (Сампдори), Амрабат (Фиорентина),
- Германы Бундеслигийн хамгаалагч Мазрауи (Бавари М) нар.
Сэтгэгдэл (1)