АНУ-ын Коралвилль хотод өнгөрөгч амралтын өдрүүдэд болж өндөрлөсөн чөлөөт бөхийн "Дэлхийн цом"-ын тэмцээнээс манай эмэгтэй тамирчид багаараа хүрэл медалийн эзэн болов. Тэд эзэн орны багтай хийсэн хамгийн сүүлийн барилдааны үеэр ордны тайлбарлагч Монгол улсын гавьяат тамирчин Очирбатын Бурмааг 40 настай тамирчин гэж зарлахад "Xtream Arena"-д цугласан үзэгчид халуун алга ташилтаар түүнд баяр хүргэсэн байна. Дэлхийн цомд энэ жинд барилдах ёстой байсан жингийн дүү ОУХМ Г.Ариунжаргалын виз нь гараагүй учраас явж чадаагүй. Тиймээс АНУ-д 10 жилийн зорчих визтэй О.Бурмаа Монголын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн шигшээ багаа бодож 76 кг-ын жинд хүч үзэж өөрөөсөө 20 насаар дүү бөхчүүдтэй барилдсан юм.
"Афин-2004", "Лондон-2012", "Рио-2020" гурван олимпод найман жилийн давтамжтай эх орноо төлөөлөн оролцсон түүний хувьд Монголын чөлөөт бөхийн хүнд жинг 20-иод жил нуруундаа үүрч, дэлхийд нэг үзүүр, хоёр хүрэл медаль, оюутны дэлхийн аварга, Азийн наадмын мөнгө, хүрэл, Азийн аваргын алт, мөнгө, хүрэл медалтай. Мөн "Иван Ярыгин", "Дан Колов", "Харри Рам", "Буриадын Ерөнхийлөгчийн цом", "Байгаль Опен", "Монголиа Опен" зэрэг олон улсын "А" зэрэглэлийн тэмцээнүүдээс алтан медаль хүртэж байв. Түүнчлэн насанд хүрэгчдийн Улсын аваргын есөн түрүү түүний медалийн цуглуулгад бий.
Ж.Сайханаа
Сэтгэгдэл (2)