Хөлбөмбөгийн “Катар 2022” ДАШТ-ий хагас шигшээд өрсөлдөх Марокко, Франц хоёр баг манайхаар XII.11-ны үүрээр болсон тоглолтуудаас тодорлоо. Өмнө нь Аргентин, Хорват шалгараад байсан.
Португалыг хожсон Марокко нь Африкаас ДАШТ-ий хагас шигшээд шалгарсан анхны баг
Марокко-Португал 1:0 гоол: Эн-Несири 42 мин (1:0).
Марокко ДАШТ-ий хагас шигшээд тоглоно! Африкийн “Атласын арслангууд” гэгддэг тус баг Европын шилдгүүдийн нэг Португалыг Испанийн “Севилья” клубт тоглодог легионер Эн-Несирийн оруулсан гоолын ачаар 1:0-ээр буулган авлаа. Хөлбөмбөгийн ДАШТ-ий түүхэнд хагас шигшээд шалгарсан Африк тивийн анхны баг боллоо.
Эхний үе гоолгүй тэнцээгээр өндөрлөх нь ээ гэж үзэгч, сонирхогчид харж байтал завсарлагааны өмнө Мароккогийн оруулсан гоол нь бүр эсрэгээрээ Португал хожигдох юм биш үү гэсэн бодлыг хүмүүст төрүүлсэн. Португалчууд хоёр дахь үед, тоглолтын 51 минутад давхар солилцоо хийж хөлбөмбөгийн амьд домог Роналдо, Английн “Ман Сити” клубт тоглодог легионер шилдэг хагас хамгаалагч Кансело нарыг талбайд гаргаж довтолгоондоо хүч нэмсэн. Гэсэн ч Мароккогийн хаалганд гоол хийх гэсэн оролдлогууд нь оновчтой бус байсаар тоглолт өндөрлөлөө. Аваргын тааварт бичигдэж байсан Португалын баг тэмцээнээ өндөрлүүлж, багийн ахлагч Роналду 37-тойдоо ДАШТ-ий хамгийн сүүлчийн тоглолтод оролцлоо. Түүний ДАШТ-д түрүүлэх мөрөөдөл нь ийнхүү биелэгдэх боломжгүй болон таслагдлаа.
Мароккогийн баг Хэсгийн шатанд Бельги, Хорват, Канадын багтай өрсөлдсөн бөгөөд хэсэгтээ нэгдүгээр байр эзэлж хасагдах шатанд шалгарсан. Хасагдах шатны шөвгийн 16-д өөрсдийг нь хожих фаворитоор нэрлэгдэж байсан 2010 оны дэлхийн аварга Испанийг торгуулийн цохилтоор буулган авч шөвгийн 8-д шалгарч гарч ирсэн. Энэ тоглолтод бас л фаворитоор нэрлэгдэж байсан Португалыг 1:0-ээр хожиж хагас шигшээд шалгарлаа. Африкийн “Атласын арслангууд” хэмээх Мароккогийн баг “Катар 2022”-ын финалд шалгарахын төлөөх 1/2 шатанд 2018 онд хүртсэн Дэлхийн аварга цолоо хамгаалахаар Катарт ирсэн хүчирхэг Францтай тоглоно. Энэ шийдвэрлэх тоглолт арванхоёрдугаар сарын 15-ны 03.00 цагаас эхэлнэ.
Арай эрт таарсан шилдэг хоёроос Францын баг илүүрхэж Английг хожлоо
___ Франц-Англи 2:1. гоол: Чуамени 17 мин (1:0), Кейн торгуулийн цохилтоос 54 мин (1:1), Жиру 78 мин (2:1), Кейн торгуулийн цохилт 84 минутад алдсан (2:1).
ДАШТ-ийн өмнө ч, тэмцээн үргэлжилж байгаа одоо цаг дор ч “Катар 2022”–т түрүүлэх фаворитын жагсаалтын эхэнд 2018 оны дэлхийн аварга Франц, 2021 оны Европын АШТ-ий мөнгөн медальт Английн баг бичигдэж байсан. Хоёр баг шөвгийн 8-д оноолт таарч аль нэг нь тэмцээнээ өндөрлүүлж гэртээ харих, нөгөө нь “Катар 2022”-т түрүүлэх зорилтот хөтөлбөрөө үргэлжлүүлэхээр болсон. Английн хөлбөмбөгчид тоглолтын эхнээс Францын супер довтлогч Мбаппег чөлөөтэй довтлохыг хязгаарлаж хоёр хүний давхар хамгаалалт хийж байлаа. Түүнд довтолж төгсгөлөө амжилттай болгохыг хорьсон хамгаалалтын тактик нь Английн хаалгачийн талбай болон торгуулийн талбайн өмнөөс цохилт хийх орон зайг Француудад олгосон. Испанийн “Реал М” клубт тоглодог легионер, 80 сая еврогийн үнэтэй хамгаалагч Чуамени энэ сул чөлөө зайг ашиглан холын цохилтоор тоглолтын 17 дахь минутад гоол хийж тоог 1:0 болгон тэргүүллийг багтаа авчирсан. Гэвч тэрбээр 54 дэх минутад өөрийн торгуулийн талбайд Английн залуу од Сакаг дэгээдэж унаган алдаа гаргаж торгуулийн цохилт хийх боломжийг эсрэг багтаа гаргаж өгсөн. Английн багийн ахлагч Кейн торгуулийн цохилтыг амжилттай гүйцэтгэж гоол хийж тоог 1:1 болгон тэнцүүллээ. Хоёр баг нэмж гоол хийхээр удаа дараа довтолгоо хийсэн. Тоглолтын 78 минутад Францын ахмад, туршлагатай довтлогч Жиру мөргөж гоолдон тоог 2:1 болголоо. Тоглолт өндөрлөхөд цөөхөн минут үлдсэн учраас Францууд хамгаалалтдаа илүү анхаарч хожиж яваа үр дүнгээ хадгалах тактиктай тоглож эхэлсэн. Харин Францын хамгаалагч Тео нь Английн багийн довтолгоог эрчимжүүлэхээр сэлгээгээр талбайд орж ирсэн хагас хамгаалагч Маунтыг торгуулийн талбайд түлхэж унагахад, Бразил шүүгч Сампайо торгуулийн цохилт заасан. Шигшээ багийн ахлагч Кейн торгуулийн цохилт гүйцэтгэхдээ хаалга онолгүй хөндлөвч дээгүүр “шувуу” буудлаа. Тоо 2:2 болох боломжийг алдаж багаа хөөдлөө. Хөлбөмбөгийн шинжээчид түүнийг хоёр дахь цохилт алдсан шалтгааныг Францын хаалга манаж байгаа хаалгач Хуго Льористой довтлогч Кейн нь Английн “Тоттенхэм” клубт хамтдаа олон жил тоглож байгаа, бие биенийхээ тоглолтын арга барилыг маш сайн мэддэг. Тийм учраас хааш нь цохивол гоол орох бол, ийшээ чиглүүлбэл хөлөөрөө хаана, тийшээ чиглүүлбэл гараараа хаана гэх мэт хий төсөөлөлд автагдсанаас болж, өөрөөр хэлбэл сэтгэл санааны хүнд дарамтад орсноор гоол оруулж чадсангүй алдаж цохилоо гэж дүгнэж байна. Шинжээчдийнхээр бол Английн дасгалжуулагч Саутгейт энэ тохиолдолд хоёр дахь торгуулийн цохилтыг Хуго Льорисын хаалга руу Кейнээс өөр тоглогчоор гүйцэтгүүлэх ёстой байсан гэнэ. Кейн торгуулийн цохилт алдсанаас хойш үндсэн цагийн үлдсэн 6, шүүгчийн сунгасан 10, нийт 16 минутад Англичууд довтолж гоол хийх гэж оролдсон ч Францын хамгаалалт нягт сайн байлаа. Английн баг ердөө хоёрхон удаа, хагас хамгаалагч Маунт, сэлгээгээр талбайд орж ирсэн довтлогч Рэшфорд нар хаалга руу тус бүр ганц цохьсон. “Катар 2022”-т арай эрт таарсан Аваргуудаас Францын баг хожиж /1998, 2018 оны түрүү/ хагас шигшээд шалгарч Английн баг /1966 оны түрүү/ хожигдож тэмцээнээ өндөрлүүлж үзэгчдийн эгнээнд шилжлээ. Францын баг хагас шигшээд Мароккотой тоглоно.