Хөлбөмбөгийн “Катар 2022” ДАШТ өндөрлөх шатандаа орлоо. Нийт 64 тоглолтоос 57, 58 дахь тоглолт болж Евролын төлөөлөл Хорватын баг, Өмнөд Америкийн төлөөлөл Аргентины баг хагас шигшээд шалгарлаа. Шөвгийн 8-ын үлдсэн хоёр буюу ДАШТ-ий 59, 60 дахь Марокко-Португал, Англи-Франц тоглолт XII.10-ны бямба гаргийн орой болно.
_____ Хорват-Бразил 1:1 /4:2/. гоол: Неймар 105 мин (0:1), Петрович 117 мин (1:1). _Торгуулийн цохилтын цуврал: Власич 1:0, Родриго алдсан 1:0, Майер 2:0, Каземеро 2:1, Модрич 3:1, Педро 3:2, Оршич 4:2, Маркиньос алдсан 4:2.
Тэмцээнд түрүүлж аваргын Цом өргөх гол фаворитоор нэрлэгдэж байсан Бразилын баг өмнөх “Россия -2018” ДАШТ-ий дэд аварга, мөнгөн медальт Хорватад торгуулийн цохилтоор хожигдож гэртээ харих боллоо. Европын шилдэг багуудын нэг Хорват хагас шигшээд шалгарлаа. Финалд үлдэхийн төлөө шөвгийн 4-т Өмнөд Америкийн өөр нэг төлөөлөл Аргентинтай тоглоно.
Үндсэн 90 минутад ялагч тодролгүй тэмцээний дүрмээр 30 минут сунгасан энэ тоглолтын гол баатар нь Хорватаас хаалгач Ливакович, харин Бразилын багт гялалзах од нь довтлогч Неймар байсан. Тэрбээр Хорватын хаалганд тоглолтын нэмэлт цагийн 105 минутад гоол хийж багтаа 1:0-ийн тэргүүллийг авчирлаа. Энэ гоол нь Бразилын шигшээгийн бүх цаг үеийн мэргэн буучийн рекордыг 77 гоолоор тогтоосон домогт Пелегийн амжилтыг давтсан үзүүлэлт байв. Хорватууд шүүгч эцсийн шүгэл үлээхээс гуравхан минутын өмнө 117 минутад нийслэл Загребийн “Динамо” багтаа тоглодог Оршичийн дамжуулалтаар мөн энэ багт тоглодог Петровичийн оруулсан гоолоор тоог 1:1 болгож тэнцүүлсэн. Үлдсэн хугацаанд хоёр баг нэмж гоол оруулаагүй. Тоглолт үндсэн 90 болон сунгасан 30, нийт 120 минутад тэнцээгээр өндөрлөсөн учраас хасагдах шатны дүрмийн дагуу ялагчийг торгуулийн цохилтоор тодруулах болсон. Дүрмээр хоёр баг эхлээд ээлжлэн таван удаа торгуулийн цохилт хийнэ. Энэ тав дотор гоолын зөрүү гарвал ялагч шууд тодорно. Адил үзүүлэлттэй тэнцээгээр дуусвал хоёр багаас нэг нэгээр нь ээлжлэн торгуулийн цохилт гүйцэтгүүлнэ. Өөрөөр хэлбэл эхэлж алдсан нь хожигдоно гэсэн үг. Бразилын багаас шүүгчид нэр өгсөн дарааллаар нэгд бичигдсэн Родриго, дөрөвт бичигдсэн Маркиньос гоол хийж чадаагүй. Харин Хорватын нэр өгсөн дарааллын эхний дөрвөн тоглогч бүгд торгуулийн цохилтыг амжилттай гүйцэтгэж гоол хийснээр тоо 4:2 болсон. Гоолын зөрүү нэгэнт хоёр болсон учраас багууд тав дах цохилтоо хийх шаардлагагүй байлаа.
Энэ тоглолтын дараа Бразилын хэвлэл мэдээллийнхэн “Бид Дэлхийн аварга болохоор Катарыг зорьсон. Хагас шигшээд ч шалгарч чадсангүй. Бидний хийж чадах ганц зүйл уйлах”, “Үндсэн цагт хожиж чадаагүй нь бидний алдаа байлаа. Хорватын Ливакович шиг супер хаалгачтай багийг торгуулийн цохилтоор хожих магадлал бараг зуун хувь байхгүй гэдгийг дасгалжуулагч Тите огт таамаглаагүй юм болов уу” гэж бичжээ. Испанийн “Реал М” клубт тоглодог легионер Родригоор торгуулийн цохилт хийлгэхээр сонгосон дасгалжуулагч Титег олон хүн шүүмжилж байгаа аж. Родриго цохилт алдсан төдийгүй Хорватын гоол хаалганд орохдоо бөмбөг түүний биенд шүргэж чиглэлээ өөрчилснөөр хаалгач Алиссоны хаах боломжийг үгүйсгэснийг дурдаж байна. “Хойтон жилийн наадам хол байна даа, хол байна. Гэвч” гэдгийн үлгэрээр “Катар 2022” ДАШТ-ийг өндөрлүүлсэн Бразилчууд дөрвөн жилийн дараа 2026 онд “саахалтын” зайтай АНУ, Мексик, Канад, гурван улсад болох ДАШТ-ийг хүлээх боллоо. Энэ тэмцээнд очихдоо Бразилын баг Титегээс өөр дасгалжуулагчтай очно. Учир нь, Тите дасгалжуулагч баг нь Хорватад хожигдсоны дараа ажлаасаа шууд чөлөөлөгдсөн байна. Харин тэднийг торгуулийн цохилтоор буулгаж авсан Хорватын баг тэмцээнээ үргэлжлүүлж финалд шалгарахын төлөө хагас шигшээд тоглоно.
_____ Аргентин-Нидерланд 2:2 /4:3/. гоол: Молина 35 мин (1:0), Месси торгуулийн цохилтоос 73 мин (2:0, Вегхорст 83 мин (2:1), Вегхорст 90+11 мин (2:2). _Торгуулийн цохилтын цуврал: Ван Дийк алдсан 0:0, Месси 1:0, Бергейс алдсан 1:0, Паредес 2:0, Копейнерс 2:1, Монтел 3:1, Вегхорст 3:2, Фернандес алдсан 3:2, Де Йонг 3:3, Мартинес 3:4.
Энэ тоглолт нь хөлбөмбөгийн драм байлаа. Түрүүлэх тааварт бичигдэж буй цөөн багуудын нэг Аргентин тоглолтын 35 дахь минутад 1:0 тэргүүллийг авсан. Багийн ахлагч Мессигийн гайхалтай дамжуулалтаар хамгаалагч, Испанийн “Атлетико” багт тоглодог легионер Молино гоол хийж Хорватын хаалганы торыг хөдөлгөсөн. Хоёрдугаар үед тоглолтын 71 дэх минутад хөлбөмбөгийн амьд домог Месси өөрөө торгуулийн цохилтоос гоол хийж тоог 2:0 болгон хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигч, нийт үзэгчдэд Аргентин хагас шигшээд шалгарлаа гэсэн итгэлийг төрүүлсэн. Гэтэл хоёрдугаар үед 76 дахь минутад сэлгээгээр талбайд орж ирсэн довтлогч Вегхорст хөлбөмбөгийн гайхамшгийг бүтээж 83 минутад нэхэлтийн эхний, шүүгчийн мэдлийн 90+11 минутад тэнцээний гоол хийж тоог 2:2 болгон бүх нөхцөлийг зуун наян хэм эргүүллээ.
Шүүгч 30 минут сунгасан, хоёр баг харилцан довтолсон ч нэмж хожлын гоол оруулсангүй. Ингээд хасагдах шатны дүрэм ёсоор ялагчийг торгуулийн цохилтоор шийдвэрлэх боллоо. Нидерландын багаас цохилт хийх таван тоглогчийн дараалалд нэр бичигдсэн эхний хоёр нь болох хамгаалагч Ван Дийк, довтлогч Бергейс нар дараалан алдаж гоол оруулаагүй. Аргентины багаас хагас хамгаалагч Фернандес дөрөв дээр босохдоо нэг алдаж гоол оруулаагүй Торгуулийн цохилт тав дахь ээлжийн тоглогч хүртэл үргэлжилсэн. Эцэст нь тоо 4:3 болж Аргентинчууд хожил байгуулж хагас шигшээд шалгарч, Нидерландууд тэмцээнээ дуусгаж гэртээ харихаар болсон.
Финалд шалгарахын төлөөх Аргентин-Хорватын гал гарсан тоглолт хөлбөмбөг сонирхогч та биднийг хүлээж байна. Хагас шигшээгийн энэ тоглолт Арванхоёрдугаар сарын 14-ний лхагва гаргийн үүрээр 03.00 цагаас эхэлнэ.