Катар улсын нийслэл Доха хотноо 11 дүгээр сарын 20-оос 12 дугаар сарын 18-ний өдрүүдэд зохион байгуулагдаж буй хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн наймд Бразил, Аргентин, Хорват, Англи, Франц, Марокко, Нидерланд, Португал улсууд шалгаран үлдээд байна.
Тэгвэл өнөө шөнө шөвгийн наймын эхний тоглолт Бразил болон Хорватын шигшээ багуудын хооронд өрнөх юм. Бразилын шигшээ баг хэсгийн тоглолтдоо Камеруны шигшээ багт ялагдсан ч хэсгээ тэргүүлсэн. Хасагдах шатанд тэд Өмнөд Солонгосын багийг 4:1 харьцаатай илүүрхэж, шөвгийн найм руу орж ирсэн юм. Тэдний өнөөдрийн өрсөлдөгч Хорватын шигшээ багийн хувьд хоёр удаа тэнцэж, нэг ялсан амжилттай хэсгийн шатаа өндөрлүүлж, дэд байраар шалгарсан. Тус хэсгийг Мароккогийн шигшээ баг өнгөлсөн билээ. Тэд хасагдах шатанд Японы шигшээ багтай оноо тэнцэж, улмаар нэмэлт цагт тоглолтын хувь заяаг эргүүлж, шигшээ наймд шалгараад буй. Өнгөрсөн ДАШТ-ий дэд байрт шалгарсан Хорватуудын хувьд байраа ахиулахыг зорьж буй нь мэдээж. Гэвч Бразилын шигшээ баг энэ тэмцээнд хүчирхэг гэдгээ удаа дараа харуулсаар байгаа билээ.
Шөнийн хоёр дахь тоглолтод Мессигээр ахлуулсан Аргентины шигшээ баг Нидерландын шигшээ багтай учраа таарсан. Дэлхийн шилдгүүдийн нэг Леонел Мессигийн хувьд энэ удаагийн ДАШТ аваргын цомоор амжилтын хуудсаа дүүргэх сүүлчийн нь боломж билээ. Хэсгийн эхний тоглолтдоо Саудын Арабын шигшээ багт 2:1 харьцаатай хожигдож, дуулиан тариад байсан Аргентинчууд удаах тоглолтууддаа улам бүр чангарсаар буй. Тэд хэсгээ тэргүүлж, хасагдах шатанд Австралийн шигшээ багийг ялж шөвгийн наймд үлдсэн. Тэдний энэ удаагийн учраа Нидерландын шигшээ багийн хувьд А хэсэгт багтаж, нэг ч хожигдолгүй хэсгээ тэргүүлсэн. Тэд хасагдах шатанд АНУ-ын шигшээг 3:1 харьцаатай буулган авч, шигшээ наймд үлдсэн юм. Хоёр багийн аль хожсон нь шөвгийн дөрөвт медалийн төлөө тоглох учир энэ шөнө чухал тоглолт хийнэ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)