Европын хүчтэй багт тооцогддог Серби “Катар 2022”-т тааруу тоглож Хэсгийн шатанд Бразилд 0:2, Шваейцарт 2:3-аар хожигдож, Камерунтай 3:3-аар тэнцэж шөвгийн 16-д шалгарч чадаагүй, үзэгчдийн эгнээнд шилжсэн. Сербийн баг хэсгээсээ шалгараагүй нь сенсаацад тооцогдоогүй. Харин тэд Швейцарт хожигдсоны дараа “Катар 2022” ДАШТ-ий том сенсаац тарилаа.
Тоглогчид хожигдлын гашуун “амтыг” мартаж өөрсдийгөө тайвшруулахын тулд наргиан наадмын нэгэн хувилбар бодож олсон нь багийн албаныхныг зочид буудлын усан бассейн руу шидэж зугаацах төлөвлөгөө байв.
Хөлбөмбөгчдийн хамгийн эхний ан нь анхлан тэдэнтэй тааралдсан шигшээ багийн физик эмчилгээний эмч Горан Зувич байжээ.
Тоглоомын бай болж байгааг ухаарсан Зувич хөлбөмбөгчдийн гараас мултран зугатахаар ноцолдож байгаад шалан дээр унаж бэртжээ. Энэ үер түүний ташаан толгой нь бяцарсан байна. Сербийн шигшээ багийн тоглогчид түргэн тусламж дуудаж Дохагийн эмнэлэгт Горан Зувичийг хүргэсэн байна. Тэрбээр яаралтай мэс засал хийлгэх боллоо.
“Тоглоом тоотой нь дээр” гэсэн монгол ардын сургаал үг бий. Сербид үүнтэй дүйх сургаал үг байдаггүй юм болов уу гэсэн асуулт бидэнд төрлөө. Эсвэл байсан ч үгийн утгыг хөлбөмбөгчид нь бүрэн ойлгож ухаараагүй байж магад. Алин боловч Сербийн хөлбөмбөгчид нэр хүндээ унагасан сенсаац тарилаа.