Монгол бөхөд өмнө нь байгаагүй шагналын сантай "Үндэсний Алтан цом"-ын төлөөх II шатны зургаа дахь барилдаан өнөөдөр Монголын бөхийн өргөөнд Өвөрхангай аймаг, Улаанбаатар хотын хооронд боллоо. Тус барилдаанд Өвөрхангай аймгийн баг 22:3-аар ялалт байгуулснаар шигшээ наймд шалгарав. Хоёр дахь шатны хамгийн хол зөрүүтэй барилдаан өнөөдөр болсон бөгөөд Өврийн хангайн бөхчүүдээс улсын харцага Б.Цэдэнсодном, Ц.Бямба-Отгон, аймгийн хурц арслан О.Наранбаатар нар нэг ч унаагүй бол улсын харцага Х.Гантулга дөрвөн даваа авсан.
Улсын начин Б.Лхагвадорж эхний тойрогт аймгийн арслан Б.Хаш-Эрдэнэд өвдөг шороодож эмчийн магадлагаагаар цаашид барилдаагүй. Түүнийг орлосон аймгийн арслан Т.Довчинсэмбээ үлдсэн гурван барилдаандаа даваа авсан юм. Улаанбаатар хотоос Завхан аймгийн Алдархаан сумын харьяат улсын начин Б.Бадамсүрэн хоёр давлаа.
Л.Сайнаа