Хөлбөмбөгийн “Катар 2022” ДАШТ-ий хасагдах шатны шөвгийн 8-ын сүүлчийн хоёр баг манайхаар мягмар гаргаас лхагвад шилжих шөнө болсон тоглолтоос тодорлоо. Африкийн төлөөлөл Марокко, Европын шилдэг багуудын нэг Португал шалгарлаа. Ийнхүү “Катар 2022”-д оролцсон 32 багаас хасагдах 1/4 шатанд шилдэг найман баг шалгарч үлдлээ. Багууд шөвгийн 4-т шалгарахын төлөө Арванхоёрдугаар сарын 9-нөөс эхэлж цувж тоглоно.
__ Марокко-Испани 0:0 /3:0/. гоол: Торгуулийн цохилтын цувралыг Мароккочууд эхэлсэн. Сабири 1:0, Сараби алдсан 1:0, Зиеш 2:0, Солер алдсан 2:0, Банун алдсан 2:0, Бускетс алдсан 2:0, Хакими 3:0.
Африкийн “Атласын арслангууд” гэж нэрлэгддэг Мароккогийн баг Испанийг торгуулийн цохилтоор хожиж дуулиан дэгдээж шөвгийн 8-д шалгарлаа. Ташрамд өгүүлэхэд, Африкийн Марокко, Алжир, Тунис гурван улсын нутагт үргэлжилдэг Атласын нуруунд эрт цагт байсан, одоо амьтны хүрээлэнд цөөхөн тоогоор үлдсэн нэгэн төрөл зүйлийн арсланг Атласын арслан гэж нэрлэдэг. Марокко улсын сүлдэнд энэ арслан байдаг. Үүнээс үүдэн хөлбөмбөгчид нь ийм нэршилтэй болжээ.
Мароккогийн баг хэсгийн шатанд Хорваттай 0:0-ээр тэнцэж, Бельгийг 2:0, Канадыг 2:1-ээр хожиж хэсгээсээ нэгдүгээр байрнаас шөвгийн 8-д шалгарсан. Мароккогийн хаалгач Испанийн “Севилья” клубт тоглодог легионер Бунугийн хаалганд эдгээр багууд гоол хийж чадаагүй. Ганцхан гоол орсон нь Мароккогийн хамгаалагч Агердийн өөрийн хаалганд хийсэн автогоол байлаа. Энэ тоглолтод ч бас Испаничууд үндсэн цагт Бунугийн хаалганы торыг хөдөлгөсөнгүй. Тэд Мароккогийн нягт хамгаалалтыг давж чадахгүй байсны том нотолгоо нь хаалга оносон эхний цохилтыг тоглолтын 54 дэх минутад хийсэн тохиолдол байлаа. Хоёр баг үндсэн цагийн 90, нэмэлт 30, нийт 120 минутын хугацаанд гоол оруулаагүй, тэмцээний хасагдах шатны дүрмийн дагуу ялагч торгуулийн цохилтоор тодорлоо. Торгуулийн цохилтоос өмнөх 120 минутад хоёр багийн тоглогчид амжилттай төгсгөж чадаагүй ч гоол хийж боломж үүсгэсэн хэд хэдэн довтолгоог зохион байгуулсан. Испанийн хагас хамгаалагч Сараби, Бускетс, Мароккогийн довтлогч Хеддиригийн хаалга руу чиглүүлсэн оновчтой цохилтууд гоол болох аюулыг үүсгэсэн. Мароккогийн хаалгач Буну, Испанийн хаалгач Симон хоёулаа хаалгаа найдвартай манаж байлаа. Харин ялагчийг тодруулсан торгуулийн цохилтын үед Буну нь Симоноос илүү сайн хаалаа. Мароккогийн хаалгач нь Испанийн Солер, Бускетс нарын торгуулийн хоёр цохилтыг хаасан бол Испанийн хаалгач Симон нь Мароккогийн Бануны цохилтыг хааж торгуулийн бусад гурван цохилтыг хааж чадаагүй.
Мароккогийн “Атласын арслангууд” түүхэндээ анх удаа ДАШТ-ий шөвгийн 8-д шалгарлаа. Хасагдах шатны шөвгийн 4-т үлдэхийн төлөө Португалын багтай тоглоно.
__ Португал-Швейцар 6:1. гоол: Рамос 17 мин (1:0), Пепе 33 мин (2:0), Рамос 51 мин (3:0), Геррейро 55 мин (4:0), Аканжи 58 мин (4:1), Рамос 67 мин (5:1), Леао 90+2 мин (6:1).
Техниктэй уран тоглолтоороо гайхагдаж хөлбөмбөгийн ертөнцөд “Европын бразилууд” гэж нэрлэгдэхэд хүргэсэн домогт Эйсибио тэргүүтэй түрүү үеийн хөлбөмбөгчдийн залгамж болсон Португалын баг Швейцарыг 6:1-ээр бут ниргэж шөвгийн 8-д шалгарлаа.
Тоглолтын эхэнд хоёр багийн гарааны тоглогчдыг цэнгэлдэхэд зарлахад Португалын багийн ахлагч, хөлбөмбөгийн амьд домог Роналдогийн нэр байхгүй байсан нь үзэгчдийг гайхахад хүргэсэн. Мессигүй Аргентин, Роналдогүй Португал талбайд гарна гэсэн ойлголт хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчдийн санаанд буухгүй цаг хугацаа “Катар 2022”-т ч бас үргэлжилсээр байгаа. Гэвч Португалын дасгалжуулагч Сантуш 37-той түүнийг сэлгээнд суулгаж оронд нь талбайд үзүүрийн довтлогчоор энэ жил эх орныхоо “Бенфика” клубт гялалзаж яваа 21-тэй Рамосыг гаргасан нь зөв шийдвэр байжээ. Гонсало Рамас ямар ч тоглолтын хамгийн чухалд тооцогддог эхний гоолыг нэгдүгээр үеийн 17 дахь минутад айлын хаалганд оруулж багтаа тэргүүллийг авчирсан. Португалын хашир туршлагатай ахмад хамгаалагч, 39-тэй Пепег хоёр дахь гоолыг оруулж тоог 2:0 болгосны дараа 51 дэх минутад дубль хийж тоог 3:0 болгосон. Түүнчлэн зүүн жигүүрийн хамгаалагч Геррейрог гоол хийж 4:0, Швейцарууд хариу барьж хамгаалагч Аканжигийн оруулсан гоолоор 4:1 болгосны дараа 67 дахь минутад хет-трик хийж Португалын тэргүүллийг 5:1-д хүргэж өрсөлдөгч нь нэхэж гүйцэх ямар ч боломжгүй болгосон. Португалын дасгалжуулагч Сантуш тоглолтын 74 дэх минутад Рамосыг сэлгээнд суулгаж оронд нь Роналдог талбайд гаргаж ирсэн. Хөгжөөн дэмжигчид нь хайртай хөлбөмбөгчнөө гоол хийх болов уу гэж хүлээхээсээ илүүтэйгээр хийгээсэй гэж хүсэмжилж байлаа. Гэсэн ч Роналдо гоолдож чадаагүй. Харин 87 дахь минутад сэлгээгээр талбайд орж ирсэн довтлогч Леао шүүгчийн сунгасан 90+4 минутад Швейцарын хаалганд гоол хийж тоог 6:1 болгон Португалын хожлын эцсийн цэгийг тавилаа.
Хөлбөмбөгийн ертөнц даяар Португалын шигшээд Роналдогийн алтан үе өнгөрч Рамосын шинэ үе эхэллээ гэж шуугиж байна. Гонсало Рамас нь “Катар 2022”-ын өмнө аравдугаар сарын 17-нд шигшээ багтаа анх удаа тогложээ. Нигертэй хийсэн нөхөрсөг тоглолтод сэлгээгээр талбайд гарч ирж анхны гоолоо оруулсан байна. Португалын дасгалжуулагч Сантуш түүнийг ДАШТ-д тоглох 26 хөлбөмбөгчний бүрэлдэхүүнд багтааж шигшээ багт дуудсан ч хэсгийн эхний хоёр тоглолтод 88, 82 дахь минутад сэлгээнээс талбайд гаргаж ердөө нийт 10-хан минут тоглуулсан. Гурав дахь тоглолтод Рамосыг сэлгээний сандалд суулгасан ч талбайд гаргаагүй. Эцэст нь хасагдах шатны маш чухал тоглолтод гараанд гаргаж үзүүрийн довтлогчоор Роналдогийн оронд тоглуулсан нь дасгалжуулагч Сантушийг хөлбөмбөгийн маш өндөр түвшний мэргэжилтэн болохыг харууллаа.
Дундын шугамдаа Фернандеш, Силва гэсэн шилдэг хоёр хагас хамгаалагчтай, үзүүрийн довтолгоондоо эрч хүчтэй идэр залуу Рамостой Португалын баг шөвгийн 8-д Африкийн тивийг ганцаараа төлөөлж үлдсэн Мароккотой оноолт таарсан.
Дөрөвт үлдэхийн төлөөх шөвгийн 8-ын тоглолтын хуваарийг танилцуулъя.
- Бразил- Хорват. XII.9-ний 23.00 цагаас
- Аргентин- Нидерланд. XII.10-ны 03.00 цагаас
- Португал-Марокко. XII.10-ны 23.00 цагаас
- Англи-Франц. XII.11-ний 03.00 цагаас тус тус эхлэнэ.
Б.Ерэнтэй