(Өнөөдөр XII.6-ны 23 цагаас Марокко-Испани, шөнө 03 цагаас Португал-Швейцар)
Хөлбөмбөгийн “Катар 2022” ДАШТ-ий хасагдах шатны 1/4-т үлдэхийн төлөөх зургаа, долоо дахь хоёр тоглолт манайхаар даваа гаргаас мягмарт шилжих шөнө боллоо. Өмнөд Америкийн төлөөлөл, дэлхийн таван удаагийн аварга Бразил, Европын шилдэг багуудын нэг Хорват өрсөлдөгчөө хожиж дараагийн шатанд шөвгийн 8-д шалгарлаа.
__ Бразил-Өмнөд Солонгос 4:1. гоол: Винисиус 7 мин (1:0), Неймар торгуулийн цохилтоос 13 мин (2:0), Ришарлисон 29 мин (3:0), Пакета 36 мин (4:0), Пак Сын Хо 76 мин (4:1).
Бразилын баг шийдвэрлэх тоглолтыг хөлбөмбөгийн концертын тавилттай болгон хөлбөмбөг сонирхогчдыг цэнгүүлж Өмнөд Солонгосын багийг 4:1-ээр хожлоо. Тоглолт эхлээд удалгүй Бразилын залуу од Винисиус 7 дахь минутад гоол хийж тоог 1:0, гэмтлээсээ эргэн ирж талбайд гарсан Неймар 13 дахь минутад торгуулийн цохилтоос гоолдож тооны харьцааг 2:0 болгосон. Талбай дээр нэрт тайлбарлагчийн хэлдгээр “үүнийг хөлбөмбөгийн гайхамшиг гэхгүй юм бол өөр юуг гайхамшиг юм бэ” гэдгийг тоглолтоороо үзүүлсэн Бразилын баг 29 дэх минутад дараагийн гоолоо Өмнөд Солонгосын хаалганд оруулж тоог 3:0 болголоо. Гоолын эзэн нь ДАШТ-д анх удаа оролцож, гайхалтай сайн байгаа довтлогч Ришарлисон байв. Гурав дахь гоолоос долоон минутын дараа Азийн багийн хаалганд дөрөв дэх бөмбөг орлоо. Хагас хамгаалагч Пакета жигүүрийн довтлогч довтлогч Винисиусийн оновчтой дамжуулсан бөмбөгийг айлын хаалганд цохиж гоолдон 4:0-ийн тэргүүллийг багтаа авчирсан.
Өмнөд Солонгосын хаалгач Ким Сын Гю дөрвөн гоол хаалгандаа алдсан нь түүнийг муу тоглолоо гэж үзэх үнэлгээ болохгүй. Харин ч эсрэгээрээ тэрбээр сайн тоглосон учраас тав, зургаа дахь гоол хаалганд нь ороогүй. Нэгдүгээр үеийн төгсгөлд довтлогч Ришарлисоны цохьсон аюултай бөмбөгийг хаасан, хоёрдугаар үед хагас хамгаалагч Рафиньягийн гоол хийх гэсэн аюултай довтолгоонуудыг удаа дараас таслан зогсоосны ачаар манай Азийн баг хаалгандаа, хамгийн цөөнөөр тооцоход зургаан гоол алдаагүй. Өмнөд Солонгосын багаас тоглолтын 76 дахь минутад Пак Сын Хо нэр төрийн нэг гоол оруулж тоог 4:1 болгосон.
“Катар 2022”-т хэсэгтээ нэгдүгээр байр эзэлж Азийн хөлбөмбөгийн нэр хүндийг өндөрт өргөж шөвгийн 8-д шалгарсан Өмнөд Солонгосын баг хасагдах шатанд дэндүү хүчирхэг багтай оноолт таарсан учраас давагдашгүй хүчин зүйлд автагдахын үлгэрээр хожиж чадсангүй тэмцээнээ дуусгаж үзэгчдийн эгнээнд шилжлээ. Бразилын баг шөвгийн 8-д шалгарч 1/4 финалын шатанд дөрөвт үлдэхийн төлөө Хорваттай тоглох болов.
__ Япон-Хорват 1:1 /1:3/. гоол: Маэда 43 мин (1:0), Перишич 55 мин (1:1). Торгуулийн цохилт: Влашич 0:1, Брозович 0:2, Асано 1:2, Пашалич 1:3. Торгуулийн цохилтыг Японы Митома, Ёсида, Хорватын Ливайя нар алдсан.
Дасгалжуулагч Мориясугаар удирдуулсан Японы баг өмнөх “Россия 2018” ДАШТ-ий мөнгөн медальт Хорваттай үндсэн болон нэмэлт цагийн 120 минутад 1:1-ээр тэнцэж, улмаар торгуулийн цохилтоор 3:1-ээр хожигдлоо.
Тоглолт дууссаны дараа дасгалжуулагч Мориясу цэнгэлдэхэд хүрэлцэн ирж багаа дэмжсэн Японы хөгжөөн дэмжигчдийн өмнө очиж талархал үзүүлэхийн зэрэгцээ баг нь хожигдсонд уучлал гуйж мэхийн ёслолоо.
Тэрбээр хэвлэлийн хурал дээр “Энэ бол бидний хувьд харамсалтай үр дүн. Гэхдээ манай тоглогчид өндөр түвшинд тоглосон учраас өөрсдөдөө сэтгэл хангалуун байх боломжтой. Манай баг Японы хөлбөмбөгийн шинэ эрин үеийг харууллаа. Бид шөвгийн 8-д шалгарч чадаагүй ч дэлхийн аварга Испани, Германыг хожсон. Японы хөлбөмбөгчид цаашид Дэлхийн дэвжээнд олон гайхалтай ялалт байгуулна гэдэгт итгэлтэй байна” гэж ярилаа. “Цэнхэр самурайнууд” хэмээх Японы хөлбөмбөгийн шигшээ баг Хэсгийн шатанд эхний тойрогт дэлхийн 1954, 1974, 1990, 2014 оны дэлхийн аварга, шилдэг тоглогчдын бүрэлдэхүүнтэй Германы багийг 2:1-ээр хожиж “Катар 2022”-ын сенсаацын эзэн болсон. Япончууд энэ ялалт нь тохиолдол биш гэдгийг дараа нь батлан харуулж гуравдугаар тойрогт 2010 оны дэлхийн аварга, Европын шилдэг багуудын нэг Испанийг 2:1-ээр буулган авсан.
Арлын орны “цэнхэр самурайнууд” энэ тоглолтын 43 дахь минутад довтлогч Маэдогийн гоолоор 1:0-ээр тэргүүлж нэгдүгээр үеийг завсарлуулсан. Гэвч хоёрдугаар үе эхлээд 10 минут болоход хаалгандаа гоол алдаж тооны харьцаа 1:1 болсон. Тэнцээний гоолыг Хорватын шилдэг хагас хамгаалагч Английн “Тоттенхэм” клубт тоглодог легионер Перишич орууллаа. Хоёр баг харилцан довтолж эн тэнцүү тоглосоор үндсэн цагийн 90, хасагдах шатны дүрэмд заасан нэмэлт 30, нийт 120 минутыг хожлын гоолгүйгээр өндөрлүүлсэн. Хасагдах шатанд тэнцвэл ялагчийг торгуулийн цохилтоор эцэслэн тодруулдаг дүрмийн дагуу багууд торгуулийн цохилт гүйцэтгэлээ. Японы багаас торгуулийн цохилтыг Английн “Брайтон” клубт тоглодог легионер Митома, Германы “Шальке” клубт тоглодог легионер Ёсидо нар алдаж багаа хөөдлөө. Дасгалжуулагч Мориясу Европын хөлбөмбөгийн топ лигт тоглодог тэдэнд итгэл найдвар хүлээлгэн торгуулийн цохилт хийлгүүлсэн нь ийнхүү талаар болов. Хорватын хаалгач Ливакович Митома, Ёсидогийн цохьсон бөмбөгийг хоёуланг нь хаасан.
Торгуулийн цохилтоор Японыг хожсон Хорватын баг шөвгийн 8-д шалгарч 1/4 финалын шатанд дөрөвт үлдэхийн төлөө Бразилтай тоглохоор боллоо.
Одоогоор шөвгийн 8-ын хоёр суудал “суудал” шийдэгдээгүй байгаа. XII.6-ны мягмар гаргийн 23 цагаас Марокко-Испани, шөнө 03 цагаас Португал-Швейцар тоглолтоор шөвгийн 8-д тоглох хоёр “суудлын” асуудал шийдэгдэнэ. Шөвгийн 8-д шалгарч “суудлаа” нэгэнт эзэлсэн багуудын тоглолтын хуваарийг танилцуулъя.
- Хорват-Бразил. XII.9-ний 23.00 цагаас
- Нидерланд-Аргентин. XII.10-ны 03.00 цагаас
- Англи-Франц. XII.11-ний 03.00 цагаас тус тус эхлэнэ.
Б.Ерэнтэй