(Өнөөдөр XII.5-ны 23 цагаас Япон-Хорват, шөнө 03 цагаас Бразил-Өмнөд Солонгос)
Хөлбөмбөгийн “Катар 2022” ДАШТ-ий хасагдах шатны 1/8-д үлдэхийн төлөөх хоёр тоглолт манайхаар ням гаргаас даваад шилжих шөнө боллоо.
__ Франц-Польш 3:1. гоол: Жиру 44 мин (1:0), Мбаппе 74 мин (2:0), Мбаппе 90 мин (3:0), Левандовский торгуулийн цохилтоор 90+6 мин (3:1).
Францын дасгалжуулагч Дешам хэсгийн гуравдугаар тойргийн өмнөх тоглолтод үндсэн багаа амрааж, хоёрдугаар шигшээгийн бүрэлдэхүүнийг талбайд гаргасан. Харин тэрбээр хасагдах шатны шийдвэрлэх чухал энэ тоглолтод үндсэн багийн тоглогчдоо талбайд гаргаж тоглууллаа. Польшийн багт эхний үед гоол оруулах ганц боломж гарсан. Италын “Наполи” клубт тоглодог легионер Зелинский энэ боломжийг ашиглаж чадаагүй. Дэлхийн аварга цолоо хамгаалахаар Катарт ирсэн Францууд Польшийн тоглогчдоос бүх талаараа илүүрхэж нэгдүгээр үед нэг, хоёрдугаар үед хоёр гоол хаалганд нь хийж үндсэн цаг дуусах 90 минут болоход 3:0-ээр тэргүүллээ. Шүүгчийн мэдлийн сунгасан зургаа дахь минутад Францын төвийн хамгаалагч Упамакено хаалгачийн талбайд алдаа гаргаж бөмбөгт гар хүрсэн тул Польшийн баг торгуулийн цохилт хийх эрхтэй болсон. Польшийн шилдэг довтлогч Левандовский торгуулийн цохилтыг гүйцэтгэж багийн нэр төрийн нэг гоол оруулсан.
Дэлхийн аварга Францын баг Польшийг 3:1-ээр буулган авч шөвгийн 8-д шалгарлаа. Хожигдсон Польшийн баг тэмцээнээ дуусгаж үзэгчдийн эгнээнд шилжив. Хожсон Францын багийн тоглогчдоос хоёр нь дээд амжилт тогтоож, нэг нь дээд амжилтыг давтлаа.
Польшийн хаалганд хоёр бөмбөг хийсэн довтлогч Мбаппе нь ДАШТ-ий бүх цагийн үеийн түүхэнд 24 нас хүрэхээсээ өмнө наймаас олон гоол оруулсан анхны хөлбөмбөгчнөөр тодров. Өмнөх 2018 оны болон энэ удаагийн 2022 оны ДАШТ-д түүний оруулсан гоолын нийлбэр 9 болоод байна. Мбаппе энэ арванхоёрдугаар сарын 20-нд 24-нд нас хүрнэ.
Польшийн багийн хаалганд 44 минутад эхний гоол оруулсан Франц довтлогч Оливье Жиру Францын шигшээ багийн бүх цаг үеийн мэргэн буучаар тодорлоо. Одоо 36-тай довтлогчийн энэ гоол нь Франц тоглогчдоос шигшээ багийнхаа төлөө хийсэн хамгийн олон 52 дахь бөмбөг байв. Өмнө нь Францын шигшээгийн мэргэн буучийн дээд амжилтыг домогт хөлбөмбөгчин, 1997-2010 онд шигшээд тоглосон Тьерри Анри 51 гоолоор эзэмшиж байсан.
Өнөөдрийн тоглолтод Францын хаалга манасан Уго Льорис шигшээ багийн өмсгөлтэй 142 дахь удаа талбайд гарч хамгаалагч Лилиан Тюрамын тогтоосон шигшээ багт хамгийн олон тоглосон дээд амжилтыг давтлаа. Хаалгач Уго Льорис ДАШТ-ий дараагийн шатанд Францын шигшээ багийн бүрэлдэхүүнд талбайд гарвал шигшээ багт хамгийн олон тоглосон дээд амжилтыг 143 болгож шинээр тогтооно.
__ Англи-Сенегал 3:0. гоол: Хендерсон 38 мин (1:0), Кейн 45 мин (2:0), Сака 57 мин (3:0), Левандовский торгуулийн цохилтоор 90+6 мин (3:1).
Европын дэд аварга Английн баг Африк тивийн аварга Сененалыг 3:0-ээр буулган авлаа. Хожигдсон Сенегалчууд тэмцээнээ дуусгаж гэр рүүгээ буцах болов. ДАШТ-ий өмнө бэртэл авч Катарт ирээгүй 2022 оны Африк тивийн шилдэг хөлбөмбөгчин довтлогч Мане болон Катарт ирсэн хойноо бэртэл авч тоглох боломжгүй болсон гарааны зарим тоглогч эзгүй байсан нь Сенегалын багийн чансааг ихээхэн сулруулсан байв. Англичууд тоглолтыг тийм ч сайн биш дундаж төвшинд эхлүүлсэн. Гэвч энэ нь сулхан бүрэлдэхүүнтэй Сенегалчуудад давуу талыг олгоогүй. Тоглолтын 38 дахь минутад Английн хагас хамгаалагч Хендерсон шинээр тодорч буй 19-тэй залуу од Беллингемийн “чихэр” шиг дамжуулалтаар гоол хийж тоог 1:0 болгосон. Улмаар нэгдүгээр үеийн төгсгөлөөр завсарлагааны өмнөхөн өөр нэг залуу од Фодины дамжуулалтаар хашир туршлагатай ахмад довтлогч Кейн гоол оруулж тоог 2:0 болгон багийнхаа тэргүүллийг баталгаажууллаа. Энэ гоол “Тоттенхэм” багийн довтлогчийн “Катар 2022”-т оруулж байгаа анхных нь. Тэрбээр хэсгийн шатанд гурван гоолын дамжуулалт өгсөн. Завсарлагааны дараа тоглолтын 57 дахь минутад Английн бас өөр нэг залуу од Сака Сенегалын хаалганд гоол хийж тоог 3:0 болголоо. Англичууд эцсийн шүгэл дуугарах хүртэлх хугацаанд багаараа бөмбөгөө барьж тайван тоглолт үзүүлж Сенегалчуудад довтлох орон зай гаргасангүй. Английн баг Африкийн багт хожигдодгүй гэдэг үнэн болохыг хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчдэд батлан харуулсан Англичууд шөвгийн 8-д шалгарлаа. Тэднийг шөвгийн 4-т үлдэхийн төлөөх хүнд тулаанд өрсөлдөхөөр дэлхийн аварга Францууд хүлээж байгаа.
Наймд үлдэхийн төлөө өрсөлдөх үлдсэн тоглолт
XII.5-ны даваа гараг 23 цагаас Япон-Хорват, шөнө 03 цагаас Бразил-Өмнөд Солонгос
XII.6-ны мягмар гараг 23 цагаас Марокко-Испани, шөнө 03 цагаас Португал-Швейцар тоглолттой.
Плей-оффын 1/4 шигшээ буюу шөвгийн 8-д тоглох эхний дөрвөн баг, түүнчлэн хоорондоо тоглох оноолт нь тодорхой боллоо. Бусад үлдсэн дөрвөн багийн нэр ойрын өдрүүдэд тодорхой болно. “Катар 2022”-т түрүүлэх тааварт яваа Өмнөд Америкийн хүчтэй баг Бразил, Аргентин зүүн жигүүрт, Европын шилдэг баг Франц, Англи, Португал баруун жигүүрт бичигджээ. Зүүн, баруун жигүүр тус бүрээс шөвгийн 16, шөвгийн 8, шөвгийн 4-т дараалан гурав ялсан хоёр баг финалд шалгарч аваргын Цомын төлөө энэ арванхоёрдугаар сарын 18-ны ням гаргийн орой 23.00 цагаас тоглоно.
Б.Ерэнтэй