“Буэнос-Айрес-2018” залуучуудын олимпийн мөнгөн медальт, залуучуудын дэлхийн аварга ОУХМ Лхагвасүрэнгийн Сосорбарам Токиогийн “Их Дуулга”-ын хоёр дахь өдөр 52 кг-ын жинд манай жүдочдын анхны хүрэл медалийг авчирлаа. Тэрбээр Токиогийн татамид Францын Леони Гонзалес, Японы Хикари Йокотаг тус тус ялж хагас шигшээд “Токио-2020” олимпийн наадмын аварга, дэлхийн гурван удаагийн аварга Үта Абэгээс хэн хэнээсээ үнэлгээ авч чадалгүй торгуулиар цэвэр ялагдсан.
Абэ аваргатай тун тэнцүүхэн барилдсан Л.Сосорбарам хүрэл медалийн төлөөх барилдаанд БНСУ-ын Жан Сеюныг даралтаар цэвэр яллаа.
Мөн “Будапешт-2021” ДАШТ-ий хүрэл медальт, “Алматы-2022” Азийн аварга “Хилчин” спорт хороо, “Женко” клубийн тамирчин ОУХМ Ёндонпэрэнлэйн Басхүү Гранд Слам ангиллаас ес дэх медаль, долоо дахь хүрэл медалиа зүүв. Тэрбээр Токиод үдээс өмнө Польшийн Патрик Ваврызекийг 03:25, АНЭУ-ын Гурам Давашвилиг 02:01, Францын Максим Гоберийг “Golden Score”-д 04:48 минутад тус тус ялсан ч хагас шигшээд ДАШТ-ий хоёр алт, нэг мөнгөтэй, эзэн орны алдарт Жоширо Марүяматай тун тэнцүүхэн хүч үзсэн бөгөөд нэмэлт цагт торгуулиар ялагдсан. Тэгвэл хүрэл медалийн төлөөх барилдаанд Германы Мартин Сетцийг “иппон” буулгаснаар шагнал тавцанд зогсов.
Ийнхүү чансаа өндөр, нэр хүндтэй Токиогийн “Их Дуулга”-д Монголын 13 жүдоч хүч үзснээс хоёр хүрэл медальтай эх орондоо ирэхээр болж байна.
Сэтгэгдэл (1)