Туркийн ТРТ телевизийн спортын алдартай тайлбарлагч Аллер Бакиржигил өнгөрсөн пүрэв гарагт Канад-Марокко тоглолтыг тайлбарлаж байжээ. Мароккогийн тоглогч Английн “Челси” клубт тоглодог легионер Зиеш тоглолтын 4 дэх минутад Канадын хаалганд гоол оруулсан. Энэ нь “Катар 2022”-т тоглолтын эхэнд маш хурдан оруулсан гоолуудын нэг байлаа.
Тайлбарлагч Аллер Бакиржигил ДАШТ-ий түүхэнд хамгийн хурдан гоолыг нутаг нэгт домогт хөлбөмбөгчин Шукер 2002 онд ДАШТ-ийн гуравдугаар байрын төлөө Өмнөд Солонгос-Туркийн тоглолтын үеэр 11 дэх минутад оруулж дээд амжилт тогтоож Туркийн багт тэргүүллийг авчирсан тухай ярьжээ.
ТРТ-ийн удирдлагаас тоглолтын нэгдүгээр үеийн 45 минутын дараах завсарлагаанаар түүнийг Шукерийн нэрийг дурдсан хэргээр нь шийтгэл хүлээлгэж тайлбарлагчийн ажлаас нь шууд халсан байна. Уг нь Хакан Шукер нь Туркийн хөлбөмбөгийн амьд домог юм.
Тэрбээр Туркийн шигшээ багийнхаа төлөө 112 тоглолтод оролцож 51 гоол айлын хаалганд хийсэн мэргэн бууч, 2004 онд Туркийн хөлбөмбөгийн бүх цаг үеийн шилдэг тоглогчоор шалгарсан эрхэм. Шукер нь Туркийн шигшээг 2002 онд ДАШТ-ий хүрэл медаль хүртэхэд гол үүрэг гүйцэтгэсэн багийн лидер нь байсан. Түүнчлэн өөрийн орны шилдэг клуб “Галатасарай”, “Станбул”, мөн Италын “Милан”, “Интер”-т тоглож УЕФА-гийн болон дотоодын лигийн АШТ-ий олон цом хүртсэн шилдэг тоглогч явсан.
Одоо Шукер АНУ-д хувиараа такси барьж өдрийн хэрэглээний мөнгөө олж эгэл бор амьдралаар аж төрж байгаа ажээ. Хөлбөмбөгт зодог тайлсныхаа дараа Шукер тус улсын одоогийн Ерөнхийлөгч Эрдогантай их ойр дотно, хамтран ажиллаж байсан ч 2016 онд түүнийг доромжилсон хэрэгт буруутгагдаж улмаар “Фетхуллах Гюлиний хөдөлгөөн”-ийг дэмжигч гэгдэж улс төрийн хавчилгад оржээ. Шукер аргагүйн эрхэнд, Ерөнхийлөгч Эрдоганы хувийн өшөө хонзонгийн дарамтаас зугтааж 2017 онд өөрийн эх орон Туркээс АНУ руу цагаачилсан байна.
Ташрамд дурдахад, Шукерийн дэмждэг гэж яригдсан “Фетхуллах Гюлиний хөдөлгөөн” тус улсад террорист байгууллага тооцогддог. Телевизийн тайлбарлагч Аллер Бакиржигил ДАШТ-ий түүхэн дэх гоолын рекорд амжилтыг ярьсан нь Туркийн төрийн тэргүүн Эрдоганы дайсан этгээдийг магтсан гэмт хэрэг болон мушгин гуйвуулагдаж тэрбээр Канад-Марокко тоглолтын хоёрдугаар үеийг тайлбарлаж амжилгүй эхлэхээс нь өмнө завсарлагаанаар ажлаасаа ийнхүү халагдлаа.
Б.Ерэнтэй
Сэтгэгдэл (4)