МҮБХ, СПС телевиз хамтран зохион байгуулж буй "Үндэсний Алтан цом"-ын төлөөх II шатны хоёр дахь барилдаан өнөөдөр Монгол бөхийн өргөөнд Баян-Өлгий, Дундговь аймгийн хооронд боллоо. Тун сонирхолтой өрнөсөн энэхүү барилдааны эхний дөрвөн тойргийн дараагаар 10:10 болж тэнцсэн. Баян-Өлгийн бөхчүүд шийдвэрлэх тавдугаар тойрогт дөрвөн даваа авч 14:11-ээр ялалт байгуулснаар шилдэг наймд шалгарлаа. Өлгийн бөхчүүд өнөөдөр тун жигд барилдаж улсын начин Н.Мустафа, аймгийн хурц арслан М.Еркебулан, У.Береке, аймгийн заан Е.Көптилек нар гурван даваа авсан. Баян-Өлгий аймгийн манлай бөх, улсын заан Б.Серик эхний хоёр барилдаанд барилдаагүй бөгөөд гуравдугаар тойргоос аймгийн арслан Э.Тамираагийн оронд сэлгэгдэн орж зодоглон хоёр даваа авсан. Тэгвэл Дундговь аймгаас Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат улсын начин Э.Ванданцэрэн ганц ч уналгүй тав давж тэргүүлсэн юм.
Сэтгэгдэл (1)