_(Өнөөдөр XII.3-ны 23 цагаас Нидерланд-АНУ, шөнө 03 цагаас Аргентин-Австрали)_
Хөлбөмбөгийн “Катар 2022” ДАШТ-ий эхний шатны 48 тоглолтын сүүлчийн дөрвөн тоглолт манайхаар арванхоёрдугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө болж Хэсгийн шат өндөрлөлөө. Урьд шөнө болсон G, H хэсгийн III тойргийн тоглолтын үр дүн:
__G хэсэг. Камерун-Бразил 1:0. гоол: Абубакар 90 мин (1:0).
Эхний хоёр тойрогт дараалан хожиж хасагдах шатанд шалгарах болзлыг урьдчилан хангасан Бразилын дасгалжуулагч Тите талбайд хоёрдугаар багаа гаргаж үндсэн багийн есөн тоглогчоо амраалаа. Гарааны хаалгач Алиссон, түүнчлэн Сильва нарын гурван хамгаалагч, Каземиро нарын хоёр хагас хамгаалагч, Винисиус тэргүүтэй гурван довтлогчийг энэ удаад тоглуулалгүй өнжөөлөө. Эхний хоёр тойргоос авсан 1 оноотойгоор талбайд гарсан Камеруны багт хожлын 3 оноо “ус агаар” шиг хэрэгтэй байв. Камерунчууд Бразилын хоёрдугаар шигшээтэй эн тэнцүү тоглож шүүгчийн мэдлийн сунгасан 10 минутын эхэнд Абубакарын оруулсан гоолын ачаар 1:0-ээр хожил байгууллаа. Гэвч энэ нь Африкийн багт шөвгийн 16-д шалгарах хэмжээний амжилт байсангүй. Зэрэгцэн явагдаж байсан тоглолтод Швейцарчууд Сербийг хожиж 6 оноотой болсон. Хэрвээ Швейцарын баг хожигдсон бол Африкийн багт ашигтай байлаа. Камеруны баг хэсэгтээ гуравдугаар байр эзэлж дараагийн хасагдах шатанд шалгарч чадаагүй ч хөлбөмбөгийн супер баг Бразилыг хожсон том амжилтаараа хөгжөөн дэмжигчдээ баярлууллаа. Камерунчууд эх орондоо баатрын дүрээр очих нь мэдээж хэрэг. Бразилын баг хэсэгтээ Швейцарын адил 6 оноотой ч, гоолын зөрүүний давуу үзүүлэлтээр тэдний өмнө гишгэж нэгдүгээр байрт шалгарлаа. Түрүүлэх тааварт яваа Бразилчууд шөвгийн 16-д “H” хэсгээс хоёрдугаар байраар шалгарсан Өмнөд Солонгосын багтай тоглоно.
__G хэсэг. Серби-Швейцар 2:3. гоол: Шакири 20 мин (0:1), Митрович 26 мин (1:1), Влахович 35 мин (2:1), Эмболо 44 мин (2:2), Фройлер 48 мин (2:3).
Эхний хоёр тойргоос авсан 1 оноотой талбайд гарсан Сербийн багт хожлын 3 оноо хэрэгтэй байсан бол 3 оноотой Швейцарын баг тэнцэхэд л 4 оноотой болж шөвгийн 16-д шалгарах боломжтой байсан. Гэхдээ Швейцарчууд тэнцэх гэж эрсдэлтэй алхам хийхээр талбайд гараагүй нь тоглолтын эхнээс харагдаж байв. Хоёр баг хоёулаа хожихыг эрмэлзэж өрсөлдсөн учраас тоглолт харилцан довтолсон үзүүштэй гоё боллоо. Довтолгоо зонхилсон энэ тоглолтод хожсон Швейцарын багаас Европын топ клубт тоглож явсан багийн лидер Шакири, Францын “Монако” клубт тоглодог легионер Эмболо, Английн “Ноттингем Форест” клубт тоглодог легионер Фройлер нар, хожигдсон Сербийн багаас Английн “Фулхэм” клубт тоглодог легионер Митрович, Италын “Ювентус” клубт тоглодог легионер Влахович нар гоол хийсэн. Швейцарын баг хэсэгтээ хоёрдугаар байр эзэлж дараагийн хасагдах шатанд шалгарлаа. Хэсгийн шатанд нэг тэнцэж, хоёр хожигдсон Сербичүүд тэмцээнээ өндөрлүүлж үзэгчдийн суудалд шилжлээ. Швейцарын баг шөвгийн 16-д “H” хэсгээс нэгдүгээр байраар шалгарсан Португалтай тоглоно.
__H хэсэг. Өмнөд Солонгос-Португал 2:1. гоол: Орта 5 мин (0:1), Ким Юн Гвон 27 мин (1:1), Хван Хи Чан 90 мин (2:1).
Ази тивийн багууд хоёр өдөр дараалан хөгжөөн дэмжигчдээ баярлуулж Хэсгийн шатнаас шөвгийн 16-д шалгарлаа. Урьд өдөр нь Япончууд хэсэгтээ нэгдүгээр байр эзэлж хасагдах шатанд шалгарсан бол энэ удаад Өмнөд Солонгосчууд тоглолтын төгсгөлд хожлын гоол оруулж гайхалтай ялалтаар хэсгээсээ шалгарах үр дүнд хүрлээ. Тоглолтын эхний гоолыг Португалын хагас хамгаалагч Орта 5 минутад, хариу тэнцээний гоолыг Өмнөд Солонгосын багийн хамгаалагч Ким Юн Гвон 27 дахь минутад хийсэн. Хоёрдугаар үеийн төгсгөл хүртэл нэмж гоол оролгүй тэнцээгээр үргэлжилж байлаа. Тэнцээний нэг оноо нь Азийн багт плей-оффод шалгарахад хангалтгүй, заавал хожиж 3 оноо авах шаардлагатай байсан. Учир нь, Өмнөд Солонгосчууд эхний хоёр тоглолтоос 1 оноо авсан байсан. Хожих даалгавартай талбайд гарсан Солонгосчууд ялалтын төлөө гандан бууралгүй тоглосоор шүүгчийн сунгасан нэмэлт долоон минут эхэлж 30 секунд болж байхад хоёр дахь гоолоо Португалын хаалганд хийж тоог 2:1 болгон бүтэн 3 онооны хожил авч хэсгээсээ шалгарах эрхтэй болсон. Гоолыг Английн “Вулверхэмптон” багт тоглодог легионер Хван Хи Чан оруулсан. Гоолын дамжуулалтыг Азийн бүх цаг үеийн хамгийн шилдэг тоглогч, өнгөрсөн жил Английн премьер лигт мэргэн бууч болсон “Тоттенхэм” клубт тоглодог легионер Сон Хын Мин өгсөн. Хожсон Өмнөд Солонгосын баг 4 оноогоор хэсэгтээ хоёрдугаар байр эзэлж шөвгийн 16-д шалгарлаа. Португалын баг хожигдсон ч эхний хоёр тойрогт дараалан хожиж хангалттай олон оноо авсан тул хэсэгтээ нэгдүгээр байрт орж хасагдах шатанд шалгарлаа. Шөвгийн 16-д Португалын баг “G”хэсгээс хоёрдугаар байраар шалгарсан Швейцартай тоглоно.
__H хэсэг. Гана-Уругвай 0:2. гоол: Арраскаэта 26 мин (0:1), Арраскаэта 32 мин (0:2).
Хоёр баг эхний хоёр тоглолтоос авсан адил 1 оноотойгоор, хоёулаа заавал хожих даалгавартай талбайд гарсан. Уругвайчууд даалгавраа амжилттай биелүүлж нэгдүгээр үеийн 26, 32 дахь минутад хагас хамгаалагч Арраскаетагийн хийсэн гоолоор 2:0-ээр хожиж эхэлсэн. Гана багийнхан дараалан хоёр гоол алдсанаасаа болж сандарч өөрсдийн хурд, биеийн хүч дээр суурилсан тоглолтоо гаргаж чадалгүй байсаар хариу гоол хийж амжсангүй хуурай хожигдож хэсэгтээ сүүл мушгиж тэмцээнээ дуусган үзэгчдийн суудалд шилжлээ. Уругвайн багийн хожлын 3 оноо, оруулсан 2 гоол нь, зэрэгцэн явагдаж байсан Өмнөд Солонгос-Португал 1:1-ээр тэнцээгээр үргэлжилж байхад тэдэнд шөвгийн 16-д шалгарах боломжийг олгож байлаа. Гэвч тэнцэж явахдаа 2 оноотой байсан Солонгосчууд тоглолтын төгсгөлд хожлын хоёр дахь гоолоо оруулж оноогоо 4, гоолын үзүүлэлтийг 3:3 болгосон. Харин Уругвайн баг адилхан 4 оноотой ч гоолын үзүүлэлт нь 2:2 учраас хэсэгтээ Өмнөд Солонгосын ард гуравдугаар байрт орж шөвгийн 16-д шалгарсангүй тэмцээнээ дуусгаж гэртээ харихаар боллоо. Гоолын үзүүлэлтээр Уругвайчуудыг ардаа оруулж хэсэгтээ хоёрдугаар байр эзэлсэн Өмнөд Солонгосчууд шөвгийн 16-д “G” хэсгээс нэгдүгээр байраар шалгарсан Бразилтай тоглоно.
ДАШТ-ий дүрмийн дагуу нийт 32 багаас хэсэг бүртээ эхний хоёр байрт шалгарсан нийт 16 баг хасагдах шатны шөвгийн 16-д шалгарлаа. Үүнд:
A хэсгээс Нидерланд, Сенегал
B хэсгээс Англи, АНУ
C хэсгээс Аргентин, Польш
D хэсгээс Франц, Австрали
E хэсгээс Япон, Испани
F хэсгээс Марокко, Хорват
G хэсгээс Бразил, Швейцар
H хэсгээс Португал, Өмнөд Солонгосын баг.
Бусад Катар, Эквадор, Иран, Уэльс, Мексик, Саудын Араб, Дани, Тунис, Герман, Коста Рика, Бельги, Канад, Камерун, Серби, Уругвай, Гана улсын 16 баг хасагдах дараагийн шатанд шалгарч чадсангүй, “Катар 2022” ДАШТ-ийг Хэсгийн шатанд өндөрлүүлж үзэгчдийн эгнээнд шилжлээ.
Плей-оффын шөвгийн 16-д шалгарсан багуудын халз тоглолтын хуваарийг толилуулъя.
Наймд үлдэхийн төлөө шөвгийн 16 багийн тоглолт
XII.3-ны бямба гараг 23 цагаас Нидерланд-АНУ, шөнө 03 цагаас Аргентин-Австрали
XII.4-ний ням гараг 23 цагаас Франц-Польш, шөнө 03 цагаас Англи-Сенегал,
XII.5-ны даваа гараг 23 цагаас Япон-Хорват, шөнө 03 цагаас Бразил-Өмнөд Солонгос
XII.6-ны мягмар гараг 23 цагаас Марокко-Испани, шөнө 03 цагаас Португал-Швейцар тоглолттой.
Плей-оффын оноолтыг харахад “Катар 2022”-т түрүүлэх тааварт яваа Өмнөд Америкийн хүчтэй баг Бразил, Аргентин зүүн жигүүрт, Европын шилдэг баг Франц, Англи, Португал баруун жигүүрт бичигджээ. Зүүн, баруун жигүүр тус бүрээс шөвгийн 16, шөвгийн 8, шөвгийн 4-т дараалан гурав ялсан хоёр баг финалд шалгарч аваргын Цомын төлөө энэ арванхоёрдугаар сарын 18-ны ням гаргийн орой 23.00 цагаас тоглоно.
Б.Ерэнтэй